КОВИД-19 | Орост аравдугаар сард хоёр дахь давлагаа эхэлнэ гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

Оросын тэргүүн зэргийн тархвар судлаачдын үзэж байгаагаар хойд хөршид коронавирусний халдварын хоёр дахь давлагаа ирэх аравдугаар сард эхлэх аж. Энэ нь өмнөхөөсөө илүү эрсдэл өндөртэй байх учир дээд зэргийн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэжээ.

ОХУ-д өнөөдрийн /2020.08.11/ байдлаар 892.654 хүн коронавирусний халдвараар өвчилж, 15.001 хүн нас бараад байна. Хойд хөрш нь халдварын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж буй.

Халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д хоногт 48 мянган хүн халдварласан бол Бразил улс 24 цагийн дотор 23 мянган тохиолдолтойгоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Гуравт Энэтхэг бичигдэж байгаа бөгөөд хоногт 53 мянган тохиолдол бүртгэгджээ.

Хятадад хоногт 115 тохиолдол бүртгэгдсэний 31 нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Япон, Өмнөд Солонгост өвчлөл нэмэгдэж байна. Японд 24 цагт 839 тохиолдол, таван нас баралт бүртгэгджээ.

ДЭМБ улс орнуудыг өвөрмөц урьдчилан сэргийлэх болон халдвар эсэргүүцэх арга хэмжээг авахыг уриалжээ. Халдварын 108 голомтод 65 удаагийн тоймлон судалгаа хийхэд халдвар гэр бүлийн хүрээнд, олон нийтийн газар, худалдаа үйлчилгээ, шашны байгууллага, хурал зөвлөгөөний үеэр тархсан байжээ.

Иймээс иргэд та бүхэн хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүж, гараа савандаж угаах дадлыг хэвшил болгоорой.

Түүнчлэн ДЭМБ-аас мэдээлснээр АНУ-д сүүлийн нэг сарын хугацаанд 180 хүүхэд коронавирусний халдвараар өвчилж, хүүхдүүдийн дунд өвчлөл 90 хувиар өссөн байна. Америкийн хүүхдийн эмнэлгүүдийн холбоо хүүхэд өвчлөхгүй гэсэн буруу ташаа мэдээллээс ангид байж, хүүхдүүдээ сайн асарч халамжлахыг эцэг эхчүүдэд сануулжээ.

 

Top