2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 08

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.35 хувиар өссөн дүнтэй байна. Мөн их засварын ажил 54 хувьтай, урсгал засварын ажил 49 хувьтай, гадна шугамын шахалт, УДДТөв доторх насос тоноглолын засвар үйлчилгээ, халаалтын ялтсан бойлерын угаалга, гадна бохирын шугамын угаалга, бохирын худаг цэвэрлэх ажлууд хийгдэж эхэлсэн. Нийт их урсгал засварын ажил 52 хувьтай байгаа аж. Түүнчлэн нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой байлгах ажлын хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Өөрийнхөө дулааныг хангаж байгаа айл өрх, аж ахуйн нэгж бүр аюулгүй байдлаа дулааны улиралд хангах үүрэгтэй. Түүнд нь хот, дүүрэг, хороодын удирдлагууд, хэсгийн ахлагчид, мэргэжлийн хяналт гээд бүх холбогдох байгууллагууд тусламж, дэмжлэг үзүүлэн зөвлөж ажиллах шаардлагатай” хэмээв.

Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдлыг танилцууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top