Засгийн газрыг шүүхэд өгсний учир

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Эрхэм уншигч та аль улсад, хэн гэдэг хүн Засгийн газраа шүүхэд өгдөг байна аа гэж бодож байна уу. Тэгвэл гайхаж бодоод хэрэггүй. Монгол Улсын Засгийн газрыг Өмнөговь аймгийн иргэн шүүхэд өгсөн. Түүгээр ч зогсохгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг нь шилжсэн байна. Засгийн газрыг шүүхэд өгсөн нь цаанаа учиртай. Хүчин төгөлдөр бус тогтоолд үндэслэн усны төлбөр авч байгаа болохоор говь нутгийн чандмань эрдэнэ болсон усаа үнэ цэнтэй болгож, байгаль экологио хамгаалах хүсэлтэй иргэн Засгийн газрыг шүүхэд өгчээ. Засгийн газар дээрээ шүүхдэлцэх дээрээ тулсан усны тухай асуудлыг та бүхэнд хүргэе.

Ус бол чандмань эрдэнэ. Ялангуяа ус барагтай говь нутагт чандмань гэдэг тодорхойлолтоос ч үнэ цэнтэй зүйл байж мэднэ. Хувь заяаны шоглоомоор ус хамгийн их шаарддаг уул уурхайн томоохон ордууд говь нутагт заяажээ. Сүүлийн арван жилийн турш говь нутгийн усыг томоохон компаниуд нэг төгрөг ч хүрэхгүй үнээр ашигласаар иржээ. Чухамдаа ийм зайлшгүй нөхцөл байгаа учраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Ж.Занабазар Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн юм. Монгол Улсын Засгийн газар 2011 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоол  гэгчийг баталжээ. Энэ тогтоол дээр “Усны тухай хуулийн 10.1.4-г үндэсэн “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ”-г тогтоосон байна. Тогтоол батлагдаад удаагүй байтал Усны тухай хууль хүчингүй болоод шинэчлэгдэн, найруулагджээ. 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр шинэчлэгдсэн Усны тухай хуулиар 10.1.4 дэх заалт байхгүй болоод 9.1.3 дугаар заалт болж хувирч. Тэгэхээр сүүлийн арван жилийн хугацаанд хүчин төгөлдөр бус хуулийн заалтыг үндэслэн Усны төлбөрийг тогтоож иржээ. Балгаар нь чандмань эрдэнэ болсон ус нэг ч төгрөг хүрэхгүйгээр мега төслүүдэд ашиглагдаж байна. Нэг төгрөгч хүрэхгүй гэдэг нь 95 мөнгө. Гэтэл усны сүлжээнд холбогдсон, халуун, хүйтэн ус ашигладаг айл өрх бүр услын хэмжээнд хоёр төгрөгөөр ашигладаг шүү дээ. Мега төслүүд нь хямд үнээр мань мэт нь хоёр төгрөгөөр ашигласаар арван жил илүүг туулсан гэсэн үг.

“Усны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш усны тухай тогтоол дагаад шинэчлэгдэх ёстой байдаг. Гэтэл найман жил орчим хүчингүй болох үндэслэлтэй тогтоолоор усны үнэлгээг тогтоож өдийг хүрсэн. Нэг литр ус үйлдвэрлэл, үйлчилгээнд 95 мөнгөөр ашиглагдаж байна. Ялангуяа “Оюутолгой”, “Тавантолгой”-н бүс нутагт нэг литр усыг нэг төгрөг хүрэхгүй үнээр ашигласаар өдийг хүрсэн” 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын гишүүн Ж.Занабазар

Хуулийн чадамжгүй атлаа асуудал дагуулсан тогтоолын балаг үүгээр дуусахгүй. Монгол Улсын Засгийн газраас 2013 он 326 дугаар тогтоолыг баталсан байна. Энэ тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Оюутолгой” компанийг усны төлбөрөөр хөнгөлжээ. Хөнгөлөх биш үндсээр нь чөлөөлж орхисон байна. “Усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөвчлөх хувь хэмжээ” гэх хэсэгт” Унд айхун зориулалтаар усны эрдэсжилт, хатуулгыг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан бол газар доорх усыг 100 хувь хөнгөлнө” гэж заажээ. “Оюутолгой” компани жилдээ 600 сая орчим литр усыг унд ахуйн хэрэглээндээ ашигладаг гэж тооцвол энэ хэмжээний мөнгийг орон нутагт төлөхгүй байгаа гэсэн үг.

Харин Засгийн газрын 327 дугаар тогтоолоор итгэлцүүрийн коэффциент тогтоохдоо говь нутгийн ай сав орчим бүр тодруулбал “Галба, Өөш, Долоодын сав газар”-т усыг хамгийн бага хувиар нь тооцсон байна. Монгол Улсын хэмжээнд байгаа усны 29 ай сав газраас дээр дурдсан сав газрын коэффциент 1.2 коэффциент гэж гарчээ. Уг коэффциентыг үндэслэн экологи, эдийн засгийн үнэлгээ гардаг байна. Өөрөөр хэлбэл 302 тогтоолооор энэ үнэлгээг тогтоосон. Тогтохдоо газрын гүний усыг 20 хувиар буюу хамгийн багаар нь бодож тооцжээ. Уг нь холбогдох хууль журамдаа энэ үнэлгээг 20-60 хувь байна гэж заасан байдаг юм. Гэтэл байж болох хамгийн бага үнэлгээг Засгийн газраас тогтоожээ.

“Галба, Өөш, Долоодын сав газар”-т тогтоосон 3996 төгрөгийг 20 хувиар үржүүлэхээр 766 гаруй төгрөг болж байгаа юм. Үүнийгээ 327 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар гаргасан итгэлцүүрийн коэффициентээр үнэлээд үзэхээр 1.2 төгрөг болж байна. Үүнийг саяны 766 төгрөг 1.2-оор үржүүлэхээр 956 төгрөг буюу нэг шоо метр 956 төгрөг гэж үзээд 1000-д хуваачхаар нэг литр ус 95 мөнгө болж байгаа юм”

 Ж.Занабазар 

Тодорхой шалтгаан нь чухам энэ учраас Ж.Занабазар ИТХ-ын гишүүнийхээ албан бланкаар Засгийн газрыг шүүхэд өгчээ. Шүүхээс тодорхой шийдвэр гарахад Засгийн газар анхаарлаа хандуулж улмаар 302 дугаар тогтоол ч түүнийгээ дагалдаад гарсан одоо бантан хутгаад буй 326, 327 дугаар тогтоол өөрчлөгдөнө гэж тооцжээ. Товчхондоо усны үнэ тогтоож байгаа процедурыг л өөрчлөе гэдэг агуулгаар шүүхэд хандсан нь энэ аж. Өөрөөр хэлбэл 302 дугаар тогтоолыг өөрчлөе. Улмаар суурь үнэ болох 3996 төгрөгийг 6000 төгрөг болгоё, экологи, эдийн засгийн үнэлгээний хуьвийг 60 хувьд хүргэе. Хэрэв хүргэчихвэл сум, орон нутгийн төсөв нэмэгдэнэ. Усыг хамгаалахад зарцуулах төсвийг нэмье гэдэг санаа л үүний цаана агуулагдаж байгаа аж.

Ж.Занабазар Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч болсныхоо дараа хоёр жил энэ асуудлыг судалж, улмаар Монгол Улсын Ерөнхий сайдад албан тоот, тойргоос сонгогдсон гишүүдэд ч мөн албан тоот өгч байж. Одоогоос хоёр жилийн өмнө 2018 оны аравдугаар сарын 21-ний өдөр тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын гарын үсэгтэй хариу бичиг иржээ. Уг бичгээр “Ерөнхий сайд анхааралдаа авсан бөгөөд харьяаллын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлсэн” гэдгийг илэрхийлсэн байна. Гэвч үүнээс хойш ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байна.

Зөвхөн бид л эндээ усны асуудал яриад, сүүлдээ Засгийн газраа шүүхэд өгөөд байгаа юм биш. Ердөө жилийн өмнө НҮБ-ын Гадаад өр, хүний эрх асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски Монгол Улсад ажиллав. Эдийн засаг, уул уурхайн талаар олон зөвлөгөө өгсөн ч нэг зүйл нь анхаарал татахуйц асуудал байв. Энэ бол гүний усны асуудал. Тэрээр "Оюутолгой" говийн гүний усыг шавхаж, малчдын олон жил хадгалж ирсэн нүүдэлчин ахуйг устгаж байна гэж товчоор дүгнэсэн. 


НҮБ-ын Гадаад өр, хүний эрх асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски говийн гүний усны асуудлаар дүгнэлт гаргасан нь:

Нэгд, энэхүү шийдэл бэлчээрийн усгүйдлээс сэргийлж чадахгүй бөгөөд говь цөл нутгийн биологийн олон янз байдалд эргэлт буцалтгүй үр дагавар бий болгохоор байна.

Хоёрт, малчид цөлд байгуулсан гүний худгаас ус авахын тулд моторт насос ашиглах шаардлагатай болсон байна. Гэтэл малчид бүгд насос ашиглах эдийн засгийн боломжгүй. Энэхүү бодит нөхцөл байдал нь тэднийг мал аж ахуйгаа эрхлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн цөл дэх газрын гүний ус нь туйлын эмзэг. Маш бага хэмжээгээр нөхөн сэргээгддэг. Тиймээс гүн рүү явах тусмаа усны хүртээмж багасч, усан хангамж илүү хүндрэлтэй байх болно.

Гуравт, усан хангамж хүндрэлтэй болох тусам цөөн хэдэн гүний худгаас хамааралтай болсон. Үүнээс болж малчдын малаа тууж оторлон нүүдэллэх хэв маягт ихээхэн өөрчлөлт орсон байна. Өвөг дээдсээс уламжилж ирсэн дадал заншил өөрчлөгдсөөр байна.

Түүнчлэн ашиглагдаж эхлээгүй байгаа гүний уурхай нь уг төслийн хамгийн том үе шат тул гүний уурхайн хүний эрх болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ, нэн ялангуяа малчдад үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийх замаар нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах, болзошгүй үр дагаврыг арилгах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Уг нь бол энэхүү нөлөөллийн үнэлгээ аль хэдийнээ хийгдчихсэн байх ёстой байв. Миний бие түүнчлэн, хөрөнгө оруулагчдын үүрэг, хариуцлагын тухай асуудлыг энд цохон тэмдэглэмээр байна.

Богино хугацаанд Оюутолгой компани нь нутгийн иргэдтэй хийх яриа хэлцлээ олон улсын хүний эрхийн стандартын дагуу бүхий л талуудын шаардлагыг хангасан шийдэлд хүрэх хүртэл үргэлжлүүлэх эсхүл төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай усны хангамжийн бусад хувилбарыг авч үзэх хэрэгтэй гэж зөвлөе” гэжээ.


Нутгийн иргэний хийж буй тэмцэл ямар ч байсан үр дүнгээ өгч түүний гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн байна. Усаа үнэтэй болгох, цаашлаад гүний усыг бус ашигласан усаа эргээд ашигладаг тогтолцоонд шилжихгүй бол байгалийн баялгийн өгөөж хүртэхээсээ өмнө байгаль эх шийтгэлээ амсуулж магадгүй цаг үе хаяанд ирээд байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 08 сарын 09

Хог рио үнэгүй ус хэрэглээд Монголыг усгүй болгож ширгээгээд гарах нь тодорхой балай хүрэлсүх яаж ажиллахыг чөтгөр л мэднэ.

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 08 сарын 08

buur xiix yumaa olj yadax yum daa

0  |  0
Эрдэнэ(64.119.25.72) 2020 оны 08 сарын 07

худлаа мэдээгээ болио айл өрхөд түгээх усны зардал чинь байгалд байгаа усыг түгээх зардал түгээж байгаа газрын удирдлагаын зардал ихэнх нь дээр нь цахилгаан тоног төхөөрөмжийн зардал гээд юмнууд байнаа

0  |  0
зочин(202.126.89.100) 2020 оны 08 сарын 07

дэмжиж байна

0  |  0
Со ах(202.179.25.91) 2020 оны 08 сарын 07

Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулж эх орнч залуусыг засгийн газарт ажиллулъяа. Гэхдээ Сумъяабазар шиг өтлөх насныхан биш шүү.

0  |  0
y(150.129.140.163) 2020 оны 08 сарын 07

thkjyh

0  |  1
ЗОЧИН(66.181.161.65) 2020 оны 08 сарын 07

ХОТЫН ИТХ-Д ШИГДЧИХЭЭД БАЙГАА ХӨДӨӨНИЙ ЦЭНХЭР ДЭЭЛТЭЙ ХҮҮХНҮҮД ХӨДӨӨНИЙХӨӨ ЭНЭ БАЙДЛЫГ ОЧИЖ ЦЭГЦЛЭЭ Ч .......\n

2  |  0
Top