Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдыг мотоциклоор хангалаа

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Улсын тусгай хамгаалалттай газар, сав газарт байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсээр байна. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын төсвийн хөрөнгөөр 411.495.000₮ үнэ бүхий ZS200-6 нүүдэлчин маркийн 210 ширхэг мотоциклийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр бүхий 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид, 21 сав газрын захиргаадад гардуулан өглөө.

Сайд Д. Сарангэрэл “Өнөөдөр улсын тусгай хамгаалалалттай газар нутгийн хамгаалалтын 24, сав газрын 21 захиргаадад нийт 210 ширхэг мотоциклийг гардуулан өглөө. Байгаль орчноо хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах болон байгаль хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчдийн маань ажил улам үр өгөөжтэй, амар хялбар болно гэж найдаж байна”

2014 оноос хойш буюу зургаан жилийн турш улсын төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдийг мотоциклоор хангаагүй юм. Харин 2017 онд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төслийн санхүүжилтээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг сайжруулах зорилгоор 3.85 тэрбум төгрөгийн үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангаж, хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан.

Тусгай хамгаалалтын ажилтан Н.Бекбаатар: “Бидний хэрэглэдэг байсан мотоцикл хүрэлцээ болон хүчин чадал бага байсан, харин одоо авч байгаа мотоцикл хүчин чадал ихтэй бөгөөд ажилтан болгонд хүрэлцэхээр боллоо. Бидний ажилд маш их түлхэц ахиц болж байгаад маш их баяртай байна.”

Өнөөдрийн байдлаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 120 болж улсын газар нутгийн 21 хувь буюу нийт 32.8 сая га талбайг хамарч байна. Цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50 хувь, ойн сан бүхий газрын 40 хувийг хамгаалалтад авсан байна. Эдгээр газрыг улсын хэмжээнд 34 хамгаалалтын захиргаа хариуцан нийт 476 байгаль хамгаалагч хамгаалан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэндээ(103.57.92.226) 2020 оны 08 сарын 06

Хятад мотоциклоос болж хичнээн Монгол хүн үхэж байгаа билээ. Дэндүү нэр алдар хөөсөн мэдлэг боловсролгүй эх орон ч биш хөлдүү нөхдүүд юм даа....

0  |  0
Bondoi(43.228.129.86) 2020 оны 08 сарын 06

Enjidee bayr hurgii. Hairtai shuu

0  |  0
Top