ӨМГӨӨЛӨГЧ Б.МӨНХБАТ: Миний үйлчлүүлэгч Б.Батзориг албан тушаал, ёс зүйн хариуцлага хүлээсэн

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 08 сарын 05

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн мягмар гарагт болж, шүүгдэгч Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хязгаарласан билээ. Ингэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, шийдвэрлэсэн юм. Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Мөнхбатаас дараах зүйлийг тодрууллаа.


-Шүүхээс таны үйлчлүүлэгч УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт оноосон ял олон нийтийн дунд маргаан, шүүмжлэл дагуулж байна. Нэг хэсэг нь ял завшлаа, бага ял оноолоо гэж байхад нөгөө хэсэг нь хэргийг шүүсэн шүүгчдэд нь эргэлзэж байх жишээтэй. Таны хувьд шүүхийн шийдвэрийг хэрхэн харж байна вэ?

-Эрүүгийн хууль нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зорилгыг чухалчилдаг. Ялангуяа гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тохиолдлоос ялгамжтай хандах үндэслэл болдог.

Миний үйлчлүүлэгч Б.Батзоригийн хувьд үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, албан тушаалын болон ёс зүйн хариуцлага хүлээсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаал болон УИХ-ын гишүүний албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үүнээс гадна өөртэй нь хамааралтай гэж буруутгагдсан аж ахуйн нэгжүүд нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ бүхэлд нь эргүүлэн төлсөн. Түүний холбогдсон хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болох хэргийн ангилалд хамаардаг. Тэрээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг нотлогдсон эсэх асуудлаар маргаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрэн хангагдсан юм. Тиймээс шүүх хуулийн хүрээнд шийдвэр гаргаж ял оноосон.

-Ямар тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг юм бэ?

-Хэд, хэдэн нөхцөл байдаг. Тухайн хүн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, хохирол нь нөхөн төлөгдсөн зэрэг нөхцөлийг харгалзаж үздэг. Харин УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн хувьд дээрх нөхцөл хангагдсан байсан. Тиймээс хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

-Гэхдээ шүүх хэргийг дэнслэхдээ ялгавартай хандлаа гэх шүүмжлэл байна. Өөрөөр хэлбэл, саяхан шүүхээс УИХ-ын гишүүн асан Г.Солтанд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр гурван жилийн ял оноолоо. Гэтэл эл хэрэгт гол үүрэг гүйцэтгэж, гарын үсэг зурсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт торгуулийн ял оноосон нь дээрх шүүмжлэлийг гарахад нөлөөллөө шүү дээ?

-Хэрэг болгон адилхан байдаггүй. Бүгд л онцлог, ялгаатай. Тиймээс адилхан хэрэгт ялгаатай ял, шийтгэл оноолоо гэх нь өрөөсгөл юм. Шүүхийн шийдвэр бол хуулийн хүрээнд л гарсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэрхэн шүүмжилж, ямар байр суурьтай хандах нь тухайн хүний эрх хэдий ч тухайн хэрэг, асуудлыг мэдэж, хэрэг дээр ажилласан өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийдвэрийг буруутгах, эсвэл шударга бус ажилласан гэж үзэх үндэслэл байхгүй. 

-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлсэн тохиолдолд давж заалдах шаардлагагүй гэж ойлгож болох уу?

-Хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлсэн, хүлээлгэж байгаа хариуцлагын асуудал буюу 40 сая төгрөгөөр торгох, таван жилийн хугацаанд нийтийн албанд томилогдох эрхийг хасах эрүүгийн хариуцлагыг өөрсдөө зөвшөөрсөн. Тиймээс эсрэг байр суурь илэрхийлж, буруутай буруугүй гэх зүйл байхгүй. 

-Шүүгдэгч Б.Батзоригийг хохирлоо төлсөн гэж хэллээ. Яг хэдэн сая төгрөгийн хохирол төлсөн юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн асуудалд Б.Батзоригтой хоёр хуулийн этгээдийг өөртэй нь хамааралтай байна гэж үзсэн. Тэр ч утгаараа хууль, хяналтын байгууллага түүнийг буруутгасан. Тэр хоёр аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ бүрэн төлж, барагдуулсан байдаг. Зээлээ төлж, барагдуулсан болохоор гэмт хэргийн хор уршиг арилсан гэж үзсэн. 

-Мөрдөн байцаалтын явцад түүнийг цагдан хориогүй, зөвхөн хилийн хориг тавьсан санагдана. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхны дуудсан цаг хугацаанд нь очиж тайлбар, мэдүүлэг өгч байсан гэсэн үг үү?

-Тийм ээ, хэрэгт шалгагдаж байх хугацаандаа мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсан цагт саадгүй хүрэлцэн очиж байсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан үйлдэл хийгээгүй. Энэ нь хувийн байдлын хувьд эерэг үнэлэлт өгөх нөхцөл болсон гэж бодож байна.

-Ингэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны практикт хялбаршуулсан журмаар шийдэх нь ховор байдаг шүү дээ?

-Тийм. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх нь түгээмэл биш байдаг болохоор иргэд, олон нийтэд гэнэтийн байх шиг байна. Уг нь, Захиргааны болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд энэхүү арга түгээмэл хэрэглэгддэг. Энэ нь хэрэг маргааныг түргэн шуурхай, зардал багатай аргаар шийдэх ач холбогдолтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны хувьд анх 2007 онд Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр хэрэгжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийднэ гэдэг зүйл нэвтэрсэн. Гэвч түгээмэл хэрэглэгддэггүй байсан. Харин 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинээр баталсан. Мөн 2020 оны нэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ хуулийн гол хэсэг нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай асуудал байсан. Илүү ойлгомжтой, тодорхой болгож өгсөн. Энэ ч утгаараа хэргийг энэхүү аргаар шийдэх нь ихсэж байна. 

Дахин хэлэхэд, Б.Батзориг ёс зүй болон улс төрийн хувьд өөрөө буруу шийдвэр гаргасан гэдгийгээ хүлээн зөвшөөрч, улс төрийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэдэг нь зөв жишиг, хандлага болсон. Шүүхээс ч гэсэн тэр хүний өөртөө өгч байгаа үнэлэлт, дүгнэлт болон хувийн байдлыг нь харгалзан үзэж байж ял, шийтгэл оноосон. Ялын зорилго бол тухайн хүнийг цээрлүүлэх, гэмшүүлэх, учирсан хохирлыг төлүүлэхэд л оршдог. Энэ зорилго биелсэн үү гэдэг асуудал л байна. Тэгэхээр хувь хүн хийсэн үйлдэлдээ сэтгэлзүйн хувьд гэмшихээс илүү цээрлэл гэж байхгүй шүү дээ. Тиймээс Б.Батзоригт торгуулийн ял оноолоо, шударга бус шүүлээ гэж буруутгах нь зохимжгүй юм. Шүүхийн шийдвэр болон хэргийн шийдэлд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.126.90.104) 2020 оны 08 сарын 06

5н жилийн дараа эргээд төрийн албанд ажиллаж болно гэсэн үг үү?.Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг дахин төрийн албанд оруулахгүй байх хууль батлах хэрэгтэй дээ.Яая даа бээсдүү бээсдүү

0  |  0
Иргэн(59.153.114.27) 2020 оны 08 сарын 05

хамт хувааж идсэн нөхдүүд нь шүүхэд нөлөөлжээ.

1  |  0
(139.5.219.85) 2021 оны 03 сарын 10

chinii uureg bol shuuhees 10 jil ugdug bol chi 9 jil bolgohol uuregtei za

1  |  1
Зочин баагий (103.14.36.6) 2021 оны 03 сарын 10

Энэ хүний асуудлыг зөв шийдсэн байна. Батзориг шиг буруугаа чин шударгаар хүлээж, Засгийн газар, УИХ-ын гишүүний албан тушаалаа өгдөг аавын хүү байхгүй. Санаа нь зөв бол заяа нь зөв байдаг. Тэрээр үнэхээр хүнд дарамтад байсан байх даа. Хувь хүний хувьд бас л их хохирлоо доо. Сайхан туршлагатай болж алба хаах насан дээр төрд орох эрхээ хязгаарлуулах нь хамгийн том шийтгэл болсон байна даа. Үнээс илүү хүний аж амьдралыг яаж сүйтгэх вэ дээ. \n

2  |  0
Z(202.9.46.226) 2020 оны 08 сарын 05

АА ТИЙМҮҮ

1  |  0
irgen(31.165.231.3) 2021 оны 03 сарын 10

ooroo gem buruugaa hyleene gedeg bas l neg avah um shyy....busad ni bi zov hyn yamarch buruu zuil hiigeegui geed l baigaa bizdee

2  |  1
Top