АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хойшлогдох уу?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 31

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний цар тахалтай холбогдуулан 2020 оны арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах саналтай байгаа тухай өөрийн твиттер хуудсаар дамжуулан жиргэсэн. Тэрбээр цар тахлын улмаас санал хураалтыг зайнаас буюу шуудангаар авах аргыг хэрэглэх нь түүхэн дэх хамгийн буруу бөгөөд луйврын сонгууль болно гэж бичжээ.

Хожим нь Цагаан ордны тэргүүн ирэх сонгуулийн санал хураалтыг хойшлуулахыг хүсэхгүй байгаа тухай мэдэгдэв. Сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр тэрбээр шуудангаар санал авах асуудлыг дахин шүүмжилсэн байна. Тэрбээр “Арваннэгдүгээр сард санал хураалт явуулахыг хүсэж байна. Гэхдээ санал хураалтын дүнг гурван сар хүлээсний эцэст шуудангаар явуулсан саналын хуудаснууд алга болсон тухай мэдэхийг хүсэхгүй байна. Манай улс дэлхий дахинд шившиг болно” гэжээ. Тэрбээр шуудангаар санал авах тохиолдолд ийм зүйл болно гэж тодруулсан байна. Трамп өөрийн өмнө бичсэн жиргээнийхээ талаар шуудангаар санал авахын сул талыг тайлбарлах зорилгоор бичсэн гэж онцолжээ. Тэр энэ оны анхан шатны санал хураалтын /праймериз/ үеэр ийм тохиолдол гарсан гээд шуудангаар явуулсан олон арван мянган саналын хуудсыг тооцоогүй гэж тодруулжээ.

Трампын энэ мэдэгдэлтэй холбогдуулан АНУ-ын Ардчилсан намын хэсэг хууль тогтоогч энэ оны арваннэгдүгээр сард товлосон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг хойшлуулах саналыг шүүмжилсэн тогтоолын төслийг Конгресст өргөн барьжээ. “The Daily Beast” хэвлэлд мэдээлснээр, Ража Кришнамурти /Иллиноис муж/, Жим Купер /Теннеси муж/, Элси Хэйстингс /Флорида муж/ нарын өргөн барьсан төсөлд арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгууль төлөвлөсөн ёсоор болох ёстой гэж онцлоод эрх мэдэлтнүүдийн Америкийн ардчилсан институцийг санаатайгаар сулруулах аливаа үйлдлийг буруутгажээ. АНУ дэлхийн дайн, эдийн засгийн хямрал, иргэний мөргөлдөөн зэрэг аливаа хямралын үед ч тэр хэзээ ч ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж байгаагүй гэж хууль тогтоогчид онцолжээ.

Мэргэжилтнүүд ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах хувилбар боломжгүй гэж үзэж байна. Ингэхийн тулд Сонгуулийн тухай холбооны хуульд өөрчлөлт оруулах учиртай. 1845 онд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай холбооны хуульд санал хураалт арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн мягмар гарагт болно гэж заажээ. Тиймээс санал хураалтын товыг өөрчлөхийн тулд Сенат болон Төлөөлөгчдийн танхимаар холбогдох хуулийн төслийг хэлэлцүүлсний дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурах учиртай. Харин энэ асуудал дээр Бүгд Найрамдах нам, Ардчилсан нам хоёр зөвшилцөлд хүрэх магадлал бараг үгүй гэж шинжээчид итгэлтэй байна.

АНУ-ын 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох товтой.

Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, тус улсад нийт 4.4 сая гаруй хүн коронавирусний халдвар авснаас 151.6 мянга гаруй хүн нас баржээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.87) 2020 оны 08 сарын 02

Мийний таамаглаж байгаагаар Трамп яоах магадлал маш бага. Учир нь тэр эргүүтсээр байгаад covid 19 халдварыг газар авахуулж хяналтаас алдсан.

0  |  0
Bat(202.9.47.15) 2020 оны 08 сарын 01

Энэ нөхөр Трамп ахин сонгогдвол дэлхийн 3-р дайн дэгдээж мэднэ шүү

0  |  0
Top