АНУ-ын “ээж, аав, ахмад дайчдын хана”-тай жагсаал

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

АНУ-ын зургаан хотын захирагчид эмх замбараагүй байдлыг дарах зорилгоор бүс нутагт цагдаагийн нэмэлт хүч илгээхийг Ерөнхийлөгч Трампт хориглох хууль батлахыг Конгрессоос шаарджээ. АНУ-ын томоохон хотуудыг нөмрөөд буй эсэргүүцлийн жагсаалын шинэ давлагаа хэсэг захирагчийг Конгресст хандан улсынхаа тэргүүний бүрэн эрхийг хязгаарлахыг шаардахад хүргэжээ. Жагсагчид Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ хэрэгжүүлж байгаа бөгөөд эсэргүүцлийн цуглааныг ширүүн аргаар дарах гэсэн холбооны эрх баригчдын хүчин чармайлт жагсагчдыг хариу хүчирхийлэл үйлдэхэд өдөөж байна гэж тэд үзэж байна.

Сүүлийн хэдэн хоног америкчууд Жорж Флойд, Бреонна Тэйлор, Ахмауд Эрбери болон бусад хар арьстнуудын амийг хөнөөсний төлөө АНУ-д оршсоор ирсэн арьс өнгөний үзлийн эсрэг жагсаж хариу барьсан гэж Чикаго, Сиэтл, Портлэнд, Албукерке, Канзас Сити, Вашингтон хотын захирагч нарын гарын үсэг бүхий мэдэгдэлд дурджээ. Тэд орон нутгийн эрх баригчдаас зөвшөөрөл авалгүйгээр тусгай албаны зэвсэглэсэн алба хаагчдыг илгээж буйд дургүйцлээ илэрхийлэв.

АНУ-Д ЖАГСААЛ ЯАГААД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ВЭ

АНУ-д үргэлжилж буй жагсаалын шинэ давлагаа эхэлснийг жагсагчдын уриа, шаардлага өөрчлөгдсөнөөс илт. Энэ удаад жагсагчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал, цагдаа нарын хүчирхийллийг эсэргүүцэхийн зэрэгцээ Портлэнд хотын жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захирамжаар тус хот руу холбооны хүчний нэгдүгээр анги нэгтгэлүүдийг илгээгээд байгаа юм. Үүний дараа Орегон мужийн хамгийн том хотын төвд жагсагчид, хүчнийхний хооронд жинхэнэ дайн гарсан. Хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум, чинжүүт хий бүхий бичил гранат хэрэглэн, хэрцгий аргаар жагсагчдын баривчилж байна. Ингэхдээ тэд орон нутгийн эрх баригчдын өмнө өөрсдийн үйлдлийн хариуцлагыг хүлээхгүй аж. Өнгөрсөн долоо хоногт Портлэнд хотын захирагч Тэд Уиллэр нулимс асгаруулагч хийд өртөж хохирогчдын тоонд ороод амжив. Тусгай хүчнийхэн холбооны шүүхийн барилгыг тойруулан хоёр метр өндөр хашаа босгож, үүнийг нураах гэсэн аливаа үйлдлийг ширүүн аргаар зогсоож байгаа нь жагсагчдын дургүйцлийг ихээхэн хүргэж байгаа бөгөөд хотын захиргаа, оршин суугчдын зөвшөөрөлгүй бидний газар нутаг дээр хаалт барьж, өөрийнхөө гудамжаар алхахыг хориглож байна гэж Уиллэр онцолжээ.

Холбооны цагдаа нарын үйлдлийн хариуд жагсагчид шинэ арга нэвтрүүлэв. Сүүлийн хоёр долоо хоногт эсэргүүцлийн жагсаалд саяхан бий болсон “Ээжүүдийн хана” хөдөлгөөн гол үүрэг гүйцэтгэх болсон. “Бидний хүүхдүүдээс гараа тат” гэсэн уриа барьсан эмэгтэйчүүд жагсагчид, холбооны цагдаа нарын голд орж, амьд бамбайн үүрэг гүйцэтгэх болов. Өнгөрсөн долоо хоногт “Ахмад дайчдын хана” нэртэй шинэ хөдөлгөөнийхөн “ээж” нарт нэгдээд байна. Үүнтэй зэрэгцэн “Аавуудын хана” жагсагчдыг нулимс асгаруулагч хийнээс хамгаалах болжээ. “Аавууд” унасан навчийг цэвэрлэхэд ашигладаг үлээгч машины тусламжтай нулимс асгаруулагч хийг жагсагчдаас үлээн зайлуулахад ашиглаж байна. Цагаан ордны тэргүүн Доналд Трамп холбооны тусгай хүчнийхний үйлдлийг “сайн ажиллаж” байна гээд бусад хотууд руу нэмэлт хүч илгээхээ амлав. Эдгээр хотын жагсаалтад Нью Йорк, Чикаго, Филаделфи, Детройт, Балтимор болон Окленд хот оржээ. Эдгээрийг Ардчилсан намын улстөрчид захирдаг. Энэ долоо хоногийн эхээр Трамп Портлэнд дэх холбооны шүүхийн байранд хохирол учруулбал 10 хүртэл жилийн хорих ялаар шийтгэнэ гэж твиттерээрээ дамжуулан мэдэгдсэн.

БУСАД ХОТУУД ПОРТЛЭНДИЙН ТӨЛӨӨ

Цагдаа нарын хүчирхийллийн эсрэг төдийгүй хотуудад холбооны хүчнийхнийг дайчилсныг эсэргүүцсэн жагсаал Нэгдсэн Улсыг бүхэлд нь хамрав. Ихэнх хотуудад жагсаал цуглаан тайван болж өнгөрсөн бол зарим жагсагчид цагдаа нартай нударга зөрүүлж, холбооны барилгуудыг шатаахыг оролдсон тохиолдлууд бүртгэгдсэн байна. Тус улсын хэмжээнд нийт 100 гаруй хүнийг баривчилсан ба Кентукки, Колорадо мужид гарсан буудалцааны үеэр хэд хэдэн хүн шархаджээ.

Колорадо мужийн Аврора хотод жагсагчид тойргийн шүүхийн байрны цонхыг хагалж, гал тавихыг завдсан байна. Хот руу орох гэсэн нэгэн жолооч зам хаасан жагсагчидтай маргаан дэгдээсний улмаас буудалцаан гарч, хоёр жагсагч шархаджээ. Харин Кентукки мужид зэвсэглэсэн хар арьстай жагсагчид идэвхтэй байна. Орегон мужийн Сиэтл хотод 47 жагсагчийг цагдаа нарт халдсан, гал тавьсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр баривчлав. Небраска мужид 75 жагсагч цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул саатуулагджээ. Виржиниа мужийн Ричмонд хотод хүчнийхэн олныг хамарсан баривчилгаа явуулжээ.

ТРАМП ЖАГСАГЧДЫГ ЮУНЫ УЧИР ЗАНАЛХИЙЛЭВ

Хотуудын захирагчдын эсэргүүцлийг хэд хэдэн мужийн амбан захирагч, Ардчилсан намын конгрессменүүд дэмжээд байна. Тэд холбооны засаг захиргааны эмх замбараагүй байдлыг дарах тал дээр авч буй үйлдлийг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трампын байр суурийг бэхжүүлэхийн тулд тоглож буй “улс төрийн театр” гэж нэрлэжээ.

Харин Цагаан ордон өнөөгийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын гол сэдэв нь “хууль ба дэг журам” байхыг нуусангүй. Сүүлийн хэдэн долоо хоногт Трампын сонгуулийн штаб олон нийтийн сүлжээ болон телевизийн сувгаар жагсагчдын зүгээс гаргаж буй хүчирхийллийг харуулсан хэдэн арван дүрс бичлэг цацаж, Ардчилсан нам ялалт байгуулбал цагдаагийн албыг тараана гэж америкчуудыг айлгах тактик хэрэглэх болжээ. Одоогоор Трампын штабын энэ тактик мэдэгдэхүйц үр дүн авчраагүй л байна. Санал асуулгын дүнгээс үзвэл сонгуулийн өмнөх сунгаанд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден тэргүүлсэн хэвээр. Харвардын их сургууль “Harris” компанитай хамтран явуулсан хамгийн сүүлийн судалгааны дүнгээс үзвэл, Байден 10 оноогоор өрсөлдөгчөө тэргүүлж байна. Үүнтэй адилхан дүнг АВС телевиз, “Washington Post” сонины хамтран явуулсан судалгаа болон CBS суваг, “YouGov” сайтын хамтран явуулсан санал асуулга тус тус харуулжээ.

Трампын үйл ажиллагааг дэмжигчдийн тоо мөн буурсаар байна. Куиннипиак их сургуулийн явуулсан судалгаанаас үзвэл, Трампын үйл ажиллагааг америкчуудын 36 хувь дэмжиж байгаа бол 60 хувь нь сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлжээ.

Сонгууль болоход гурван сарын хугацаа үлдээд байгаа тул олон зүйл өөрчлөгдөх боломжтой гэж Стоуни Брук их сургуулийн профессор, улс төр судлаач Жонатан Сандерс үзэж байна. Харин сонгогчдын хувьд жагсаал бус коронавирусний халдварын эсрэг тэмцэл, улс орных нь эдийн засгийн нөхцөл байдал чухал асуудал байх болно. Эдгээр сорилтыг Трамп одоогоор амжилттай даван туулж байгаа.

Трампын сонгуулийн штабын сонгож авсан тактик нэр дэвшигчид нь асуудал үүсгэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа Цагаан ордны тэргүүн жагсаал цуглааныг ширүүхэн дарах хүчин чармайлтаас татгалзахгүй гээд АНУ-ын бусад хотууд руу нэмж 75 мянган холбооны агент илгээхийг төлөвлөж буй тухай мэдэгдэж байсан. Турк, Бразил, Украины эсэргүүцлийн хөдөлгөөнийг судалж байсан Нотр Дам их сургуулийн профессор Луис Шумеринигийн хэлснээр, эрх баригчдын хэтийдсэн хэрцгий үйлдэл арьс өнгөний үзлийн эсрэг жагсаалыг хэдхэн хоногийн дотор Засгийн газрын эсрэг хөдөлгөөн болгох эрсдэлтэй. Ийм тохиолдол олон оронд ажиглагдсан гэж тэрбээр онцолжээ.

Эсэргүүцлийн жагсаал тодорхой шаардлага тавьсан цөөн тооны хүний цуглаанаар эхэлдэг. Эрх баригчдын зүгээс амь насанд халгүй резинэн сум, нулимс асгаруулагч хий ашиглах зэрэг ширүүн хариу арга хэмжээ авахад жагсаал намжихын оронд хүрээгээ илүү тэлж, жинхэнэ олныг хамарсан хөдөлгөөн болж хувирдаг байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Od(182.160.38.197) 2020 оны 07 сарын 30

Oregon mujid Seattle gedeg hot bas baidag ym uu?

0  |  0
Top