Зээлийн өндөр хүүний нэг хариуцагч нь ТӨР ӨӨРӨӨ

2020 оны 07 сарын 30

Иргэн нь ч төр нь ч арвин их өр зээлтэй Монгол Улсад зээлийн өндөр хүү гэсэн халуун сэдэв бий. Саяны сонгуульд өрсөлдсөн бүх л нам эвслүүд зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэнэ гэж Мөрийн хөтөлбөртөө тусгасан нь Монгол дахь топ сэдвүүдийн нэг гэдгийг нь бэлхнээ баталсан хэрэг л дээ.

Тэгвэл засгийн эрхийг хэрэгжүүлэх мэдлийг гартаа авсан Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөрт “Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно” гэсэн амлалт бийг тодотгоё. Энэ бол улс төрийн амлалт. Чухам харин эдийн засгийн хэрэгжилт болгон хөрсөн дээр буулгахын тулд захиргаадах биш суурь асуудлуудаа засаж залруулах, арга хэмжээ авах байдлаар шийдвэрлэх ёстой юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас зээлийн хүүг бууруулах боломж, суурь нөхцлүүдийн талаар асуухад “Зээлийн хүүг бууруулах асуудал үеийн үед төрийн бодлогын гол асуудал байдаг. Зээлийн хүү  бол манай эдийн засгийн төлөв ямар байгаагийн тусгал. Хүнээр бол халууны шил дээр гарч ирж байгаа заалт. Эдийн засаг цаанаа  асуудалтай байх юм бол санхүүгийн зуучлалын өртөг өндөр л байгаад   байдаг. Бид зээлийн хүүг бууруулна гээд захиргааны арга хэмжээ авах юм уу, хадгаламжийн хүүг буулгая, эсвэл банкуудын үйл ажиллагааны зардлуудыг бууруулъя, банкны эзэд ашгаасаа тодорхой хэмжээнд татгалзаж зээлийн хүүг бууруулах ёстой гэхчлэн шалтгаануудыг хэлдэг. Эдгээр шалтгаан бодит  мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ бол зээлийн хүүг дорвитой буулгах суурь шалтгаанууд болж чадахгүй. Хамгийн том шалтгаан бол макро тэнцвэр. Макро тэнцвэр гэдэг нь манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтайн хэрээр эмзэг байна. Гадаад худалдаа нь хоёр хөршөөсөө хамааралтай. Манай зээлжих зэрэглэл ямар байгаа билээ. Манай улс олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 5-7 хувийн хүүтэй мөнгө  зээлж байна. Банкууд олон улсын санхүүгийн зах зээл дээрээс мөнгө татахад 8-9 хувийн хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж байна. Үүн дээр эрсдэлийн түвшин болон төгрөг рүү хөрвүүлэх зардлыг нэмэх юм бол банкууд гадаад зах зээл дээрээс 12 хувийн хүүтэй эх үүсвэр татаж байна. Энэ нь  улсын эдийн засаг, зээлжих зэрэглэл ямар байгаа вэ гэдгийг харуулж байгаа юм. Үүгээр дамжиж банкуудад  ийм л хэмжээнд эх үүсвэр  олдож байна. Энэ эх үүсвэр дотооддоо шингэхээр ямар үр дүн дагуулах нь ойлгомжтой. Тэгэхээр төр өөрөө макро тэнцвэрээ хангасны дараа, инфляцаа нам дор түвшинд таван хувиас доош байлгаж чадсаны дараа, захиргаадалтын арга хэмжээнүүд авч болно. Төр өөрөө санхүүгийн өртгийг нь өндөр болгочихоод,  араас нь зээлийн хүүг багасга гээд байх нь хэцүү л дээ” гэж байв.

Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад инфляцын түвшин бага байгаа ч суурь шалтгаан нь коронавируснээс хамаарсан, хүнснээс бусад бараа, үйлчилгээний эрэлт буурсан шинэ нөхцөл байдал үүсээд байгаа. Түүнчлэн цар тахлаас хамааран зээлийн эргэн төлөлтөд нь хүндрэл үүссэн зээлдэгчид зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулж байгааг санах хэрэгтэй. Нөгөө талд эх үүсвэр татсан банкуудын асуудлыг бас харах ёстой болж буй юм. Зургаадугаар сарын 19-ний байдлаар нийт хэрэглээний зээлийн багцын 12.9 хувь буюу 65491 зээлдэгчийн 572.8 тэрбум төгрөгийн хэрэглээний зээл, ипотекийн зээлийн 43 хувь буюу 38270 зээлдэгчийн хоёр их наяд төгрөгийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон гэж Төв банкнаас мэдээлсэн.

Банкны зээлийн хүүнд эдийн засаг, бизнесийн орчин, инфляц, валютын ханш, төсвийн алдагдал, төлбөрийн балансын алдагдал,  УИХ,  Засгийн газраас бизнесийн салбарт хөндлөнгөөс зохисгүйгээр оролцож байгаа байдал, банкны салбарын  үр ашиггүй ажиллаж байгаа байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Зээлийн хүүний 62 хувийг эх үүсвэрийн зардал эзэлж буй бол үйл ажиллагааны зардал 15 хувь, ашиг 12 хувь, эрсдэлийн зардал 11 хувийг тус тус бүрдүүлж байна гэж Монголын банкны холбооноос мэдэгдэж байна. Арван хүн тутмын нэг нь зээлээ төлдөггүй, ядуурлын түвшин 30 хувиас хөдөлдөггүй, төсөв нь байнга алдагдалтай, зээлжих зэрэглэл нь B-ээс хэтэрдэггүй, гадаад зах зээлээс хүчтэй хамаардаг улсад зээлийн хүү бага байх боломжтой юу гэдэг асуултыг банкны салбарынхан эргээд эрх баригчдаас асууж байгаа юм. Түүнчлэн зээлийн хүүг хамтын хүчээр бууруулах гаргалгааг танилцуулж байна.

ТӨВ БАНК- Макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцыг нам дор тогтвортой түвшинд байлгах, мөнгөний зөв бодлого хэрэгжүүлэх. Улмаар хадгаламжийн хүүний зардлыг бууруулах

САНГИЙН ЯАМ- Мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, макро эдийн засгийн суурь орчинг сайжруулснаар хадгаламжийн хүүний зардлыг бууруулахад нөлөөлнө

БАНК- Банкны засаглалыг сайжруулах, банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, банкны систем нэгдсэн АТМ, ПОС машин ашиглах

УИХ- Хууль дүрэм шинэчлэх, шүүхийн шийдвэр гаргах процессыг тодорхой болгосноор эрсдэлийн зардал буурах боломжийг бүрдүүлнэ.

Тэгэхээр   дээрх гаргалгааг харахад зээлийн хүүг хариуцагч нь төр, хувийн хэвшил аль аль нь бөгөөд .хамтдаа алхам хийж байж хүү буурах нь ойлгогдож буй юм. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2020 оны 08 сарын 24

Гадаад орнуудад бол банк нь мөнгөө хадгалуулсан хүнд өндөр хүү төлдөггүй харин мөнгийг нь хадгалсаныхаа төлөө хүү авч үйл ажиллагаагаа явуулдаг,тэр олсон ашгаараа бага хүүтэй зээлээр ард түмнээ хангадаг байх юм Харин монгол улсад бүх юм эсрэгээрээ баячуудын мөнгийг өндөр хүүтэй хадгалж улам баяжуулдаг харин ядуучуудаа ард түмнээ хорь гучин хувийн хүүтэй зээлээр улам хоосруулдаг ,гадаадын бага хүүтэй банкийг оруулдаггүй хаалгаа хааж байгаад шулан мөлжлөгөө хэрэгжүүлдэг мафи болсон

0  |  0
Зочин(66.181.178.122) 2020 оны 07 сарын 30

Энэ төрөөс явуулж байгаа орон сууцны 8хувийн зээл гэж банкийг жинхэнэ утгаараа дэмжсэн зээл авсан иргэдийг шулж байгаа бодлого байнаа. Авсан зээлээ 1.3 дахин нугалж төлж байгаагаа иргэд ойлгохгүй 8 хувийн зээл аваад байх юм ямар их илүү мөнгөтэй юм.

0  |  0
Үнэн шүү төр(103.57.94.68) 2020 оны 07 сарын 30

Үнэн шүү хүүгээ буулгаа

0  |  0
mm(192.82.73.216) 2020 оны 07 сарын 30

hadgalamj nertee ondor huu mongo huuleh dald helber shuu huug baihgui bolgo

1  |  0
Top