Хэвлэлийн шахалтад орсон элчин сайд сахлаа хусуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

БНСУ-д АНУ-аас суугаа Элчин сайд Харри Бинкли Харрис орон нутгийн хэвлэлүүдэд гаднах төрх нь Японы колоничлолын хүнд үеийг санагдуулж байна гэж шүүмжлүүлсний дараа сахлаа хусуулжээ. “Washington Post” сонинд мэдээлснээр, АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын адмирал байсан дипломатч өөрөө Сөүлийн халуун өдрүүдийг давахын тулд  сахлаа хусуулсан гэж тайлбарласан байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүд түүний сахал Японы колоничлолын хүнд он жилүүдийг санагдуулдаг бөгөөд Японы армийн офицерууд яг ийм хэлбэрийн сахал ургуулдаг байсан тухай бичиж байжээ. 1910-1945 оны хооронд Солонгос Японы колони улс байсан түүхтэй.

Харрис Япон улсад төрсөн бөгөөд ээж нь япон, аав нь Америкийн тэнгисийн цэрэг байжээ. Тэрбээр АНУ-ын Номхон далайн командлалыг тэргүүлсэн япон гаралтай анхны хүн.

АНУ-ын Элчин сайд үүнээс өмнө Өмнөд Солонгосыг батлан хамгаалах салбартаа илүү хөрөнгө төсөвлөх, Пёньяны талаар баримталж буй бодлогоо өөрчлөхийг уриалж, нэг бус удаа шүүмжлэлд өртөж байжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Korea Times” сонин Хариссын сахал Өмнөд Солонгос болон ард түмэнд хүндэтгэлгүй хандаж буйн илэрхийлэл гэж бичиж байв. Америкийн флотод 40 жил алба хааж байх үедээ сахалгүй байсан Харрис дипломат карьерын эхлэлийн бэлгэ тэмдэг болгож сахлаа ургуулсан тухай “Korea Times” сонинд ярьж байсан бөгөөд хэрэв сахал нь хоёр улсын харилцаанд саад учруулж байгаа бол хусуулна гэж амлаж байсан аж. Элчин сайд өөрөө япон гаралтай тул Солонгосын хэвлэлийн шүүмжлэлийн бай болсон гэж тайлбарласан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dz(68.226.67.57) 2020 оны 07 сарын 29

Huurhii Solongosuudiin zurhend n orson um bna daa Japanuud KKKK Solongosuud mani eriig harahaar l aidas n hureed baas aldchih geed baidag baih daa huurhii

0  |  0
Top