Төр дандаа "хулгайч" байж болохгүй

2020 оны 07 сарын 28

Монгол Улс гурван сая гаруйхан хүн амтай. Нэг иргэн бүрд нэг сая ам.доллароор үнэлэгдэх байгалийн нөөц ногддог. Гэтэл ядуурлын статистик нь 1/3 бөгөөд дундаж давхарга нь ядуурлын шугам руу гулсахад тун ойр.

 

Баялгаа улс төрийн түвшинд ухаангүй засагласны гор нь нийгэм дэх тэгш бус байдлын үзүүлэлтүүдэд жин дарах нөлөөг үзүүлсэнтэй маргах хэрэггүй болов уу. Дэлхий нийтээр цар тахлын сөрөг нөлөөллийг үүрч буй энэ үед ядуусын нуруун дээрх ачаа улам хүндэрч буйг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байгаа. Мөн манай улсын Үндэсний статистикийн хорооноос Дэлхийн банктай хамтран хийсэн судалгаа ч Монголын ядуус коронавирусний шуурганд нүдүүлж буйг харуулсан. Судалгаанд хамрагдсан ядуу өрхүүдийн 47 хувь нь цар тахлаас шалтгаалан хөл хорио тогтоосон эхний саруудад хоол хүнс хүрэлцэхгүй гэж санаа зовсон, 40 хувь нь эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс идэх боломжгүй үе байсан, 42 хувь нь цөөн хэдхэн нэр төрлийн хоол хүнс хэрэглэсэн, 28 хувь нь хоол идэж чадахгүй өнгөрөөсөн, 23 хувь нь бага хоол идсэн гэж хариулсан байгаа юм. Халдварыг дотооддоо алдаагүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үед ийнхүү ядуусын өлсгөлөн улам нэмэгдсэн байна л даа. Уг нь дэлхийн улс орнуудын зүгээс энэ онцгой үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг нь харахаар ядуу, эмзэг бүлгийн иргэд рүүгээ чиглэсэн алхмуудыг эхэнд тавиад байгаа юм. Манай улсад тухайд суурь ядуурлын түвшин өндөр, газар авсан учраас тэр хэрээрээ төр засгаас их хэмжээний дэмжлэг шаардах нь аргагүй л дээ. Үнэндээ бид хүний эрх, эрх чөлөөг ус, агаартай зүйрлэх мөртлөө агуулгыг нь бүрэн дүүрэн ойлгоогүй өдийг хүрсэн нь бүх л зүйлс дээр харагдаж буй юм.

Баялаг болон баялгийг бий болгох боломжийн хуваарилалт шударга бус байгаа нь мянга мянган иргэний эрх зөрчигдөж буй үйл явц гэж харах ёстой болов уу. Төр засаг цаашдаа эдийн засгийн өсөлтийг илтгэх тоон үзүүлэлтүүдийг иргэн бүрд хүргэх, хүртээмжийг тэлэх чиглэлд анхаарахгүй л бол хүн амынх нь тэн хагас ядуу улс оронд эдийн засаг нь дархлаатай байх боломж байхгүй биз ээ. Ядуурал газар авсныг ганц хоёр өгүүлбэрээр тодорхойлж дүгнэх нь харьцангуй. Хүн амын чинээлэг хэсэг гэгдэх хоёр хувьд хамаарах хүмүүсийн дунд гахай үүрч, ганзаганд явж, хөдөө хөхөрч, гадаа гандан байж амьдралаа босгосон нь ч бий. Бизнесийн талбарт авьяасаа харуулж, тодорцгоосон нь ч бий. Мөн давуу байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлсан хэсэг ч байгаа л даа.

Үүний хамгийн тод жишээг 1992-1995 оны хувьчлал харуулдаг. 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд цэнхэр, ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсэн байдаг. Ингэснээр нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болсон ч хувьчлалын үр дүнд өрөм битгий хэл хусам олж хүртсэн иргэд цөөн. Тухайн үед хувьцааны талаарх мэдлэг хангалтгүйгээс ихэнх иргэд хувьцаагаа баталгаажуулж данс нээлгээгүй эсвэл бусдад шилжүүлсэн байдаг. Зарим иргэд хувьцаа эзэмшдэг эсэхээ ч мэддэггүй тул цэнхэр, ягаан тасалбараар олгогдсон хувьцаа эзэмшдэг эсэхээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хандан шалгуулах боломжтойг тус компанийн зүгээс мэдэгдэж байсан.

Тухайн үед хувьчлагдсан 475 гаруй улсын үйлдвэрээс үүдээ барьсан нь байгаа ч хувьчлал нэрээр хувьцааны дийлэнхийг авч, үйлдвэрийн газар болоод барилгаар нь суурь хийгээд хөлжсөн хүмүүс цөөнгүй бий. Товчхондоо бол ерээд оны тэрхүү үйл явц нь хувьчлал гэдэг гоё нэрээр халхавчилсан баялгийн тэгш бус хуваарилалт болсон. 1991 онд Өмч хувьчлах тухай хууль баталж, улмаар хувьчлалыг эхлүүлсэн асуудал нь сонгодог, зах зээлийн орчинд хийгддэг өмч хувьчлалтай адилтган үзэхийн аргагүй үйл явц болсныг хэлэх хүмүүс олон. 1991 онд Өмч хувьчлалын комиссын анхны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун “Тухайн үед цаг хугацаандаа баригдаад эд хөрөнгийн үнэлгээг дансны тайланг үндэслээд хийж байсан. Савхин эдлэлийн компанийн хувьцааг гаргахад 400 сая төгрөгийн хөрөнгөтэй, 40 сая төгрөгийн банкны өртэй, 10 сая төгрөгийн авлагатай. Авлагыг нь нэмлээ, өрийг нь хаслаа. Жаахан механик хандлага л даа. Аль үйлдвэр нь ашигтай, аль нь арай бага алдагдалтай гэдгийг анхаарах ёстой байсан гэж боддог. Ханын материалын үйлдвэрүүд гэхэд цул алдагдал. Бололцоо байгаад үнэлгээг нь зах зээлийн ханш руу дөхүүлж хийсэн бол иргэд үр ашиггүй үйлдвэрүүдийн хувьцааг авах ажиллагааг хаах байсан болов уу” хэмээн ярьсан байдаг. Энэ бол өмнөх хувьчлалыг гардан хийсэн хүмүүсийн нэгнийх нь байр суурь гэдгийг дахиад хэлье.

Түүнчлэн төр дахиад өөрийн мэдлийн компаниудынхаа тодорхой хувь хэмжээг хувьчлахдаа эрх мэдэлд, мэдээлэлд ойр хэсэгтээ давуу эрх олгохгүй байх тухай ярьдаг ч яг өнөөдрийн суурь нөхцөл угаасаа л тэр хэсэгт үйлчлэхээр байгаа шүү дээ. Эхнээсээ баялгийн, боломжийн хуваарилалт шударга бусаар замначихсан учраас дагаж хөврөх үйл явц яг тэр гинжнээс хамаарсан дүр зурагтай. Ерээд оны хувьчлалыг нэг талаас алдагдсан боломж гэж хэлж болохоор. Энэ шударга бусын суурин дээр өсөж өндийгсөд хийгээд эрх мэдэл, давуу талаа ашиглан иргэдийн боломжийг хулгайлагсдын бүхэл бүтэн давхарга өнөөдрийн нийгэмд бий болсон.

Тэгэхээр бидэнд баялаг хийгээд боломжийн хуваарилалтыг тэгш хүртэх өөр ямар эрүүл боломж байж болох вэ гэдэг асуулт хариулт нэхэж таарна. Үүнд төрийн зүгээс тогтолцооны чанартай хийх ажлууд олон байгаа. Баялгийн сангийн хэлбэрүүдийг хэрхэн яаж эрүүл зөвөөр нутагшуулах вэ гэдгийг ч ярьцгааж байна. Үүний сацуу өнөөх шударга бус хуваарилалтын суурь болж өгсөн үнэт цаасны зах зээлээс Монголчууд өнөөдөр бас маргааш үр өгөөж хүртэж болох дүр зураг харагдаж байгаа. Цар тахлаас шалтгаалан хөрөнгийн захын арилжаа уруудаад буй ч тодорхой хугацааны дараа эргэн идэвхжих нь маргаангүй. Нөгөө талаас эдийн засаг гадаад орчноос хязгаарлагдах нөхцөл даамжрах янзтай байгаа энэ үед үнэт цаасны зах зээлээ идэвхжүүлж, эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. Эдийн засгаа дэмжсэн эрүүл бодлого бүрийн цаана энэ улсын иргэдэд өгөөж наалдана шүү дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 28

Тавантолгой Эрдэнэт 2 ийг монголчууддаа өмчлүүлбэл ялуурлаас гарна өрнөөсөө сална хүмүүс хөгжинө чинээлэг аз жаргалтай амьдарна эх нутгаа эх орноо хайрлах сэтгэлтэй болно биё биёнээ хүндэтгэнэ Улаанбаатарт шавааралдаж амьдрахаа болино хот хөдөөгий ялгаа арилна. Улс орон маань хөгжинө Монголын нэр хүнд олон улсын тавцанд гайхагдана.

0  |  0
Top