Гадаад худалдааны ТОЙМ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 25

 

Гадаад худалдааны сарын тойм мэдээллийг Төв банкнаас нэгтгэн гаргасан байна. Оны эхний зургаан  сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 23 хувиар буюу 1,544 сая ам.доллароор буурч 5,288 сая ам.доллар болжээ.

 

  • Экспорт 28 хувиар буюу 1,111 сая ам.доллароор
  • Импорт 15  хувиар буюу 434 сая ам.доллароор тус тус буурсан нь нөлөөлжээ.

 

Худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 677 сая ам.доллароор буурч 368 сая ам.долларын ашигтай гарчээ.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 56 хувь  буюу 2,964 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 13 хувь буюу 699 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. ОХУ -тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс 13  хувиар, БНХАУ-тай хийсэн худалдаа 34  хувиар буурлаа.

Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2020 оны  зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 7  хувиар, өмнөх сараас 5  хувиар тус тус өсөж,  2.071-д хүрлээ. Худалдааны нөхцөлийн индекс өмнөх оны мөн үеэс сайжрахад хөрөнгө оруулалтын болон нефтийн бүтээгдэхүүний импортын үнэ буурснаар тайлбарлагдаж байна. Харин өмнөх сараас сайжрахад зэс болон алтны экспортын үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ.

Экспортын  2020 оны эхний зургаан  сарын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 28 хувиар буюу 1,111 сая ам.доллароор буурав. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсан нь нийт экспортыг 22 нэгж хувиар бууруулах чиглэлд нөлөөлөв. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 4 нэгж хувиар өссөн бол мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь 3 нэгж хувиар буурсан байна.

2020 оны эхний зургаан  сард уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 834 сая ам.доллароор, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 277 сая ам.доллароор буурлаа.

Үүнээс чулуун нүүрс, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 828 сая ам.доллароор, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 344 сая ам.доллароор тус тус буурсан байна.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээний бууралтаас шалтгаалж 61 сая ам.доллароор, үнийн өөрчлөлтөөс шалтгаалан мөн 108 сая ам.доллароор буурчээ.

 

Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ

Дэлхийн зах зээл дээрх 1 унц алтны дундаж үнэ 2020 оны  зургаадугаар сард 1,736 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 27  хувиар, өмнөх сараас 1  хувиар өслөө. “А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн дундаж үнэ зургаадугаар сард харгалзан 5,755;  103 ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 2  хувиар, төмрийн хүдэр 5  хувиар буурсан бол зэсийн үнэ болон төмрийн хүдэр өмнөх сараас 10  хувиар тус тус өслөө.

Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ зургаадугаар сард 75 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 17 хувиар, өмнөх сараас 9  хувиар буурлаа.

Импорт 2020 оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар буюу 434 сая ам.доллароор буурав.

 

Импортын 15 нэгж хувийн бууралтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл:

 

  • Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бууралт 8 нэгж хувийг
  • Нефтийн бүтээгдэхүүний бууралт 4 нэгж хувийг
  • Хэрэглээний бүтээгдэхүүний бууралт 3 нэгж хувийг тус тус бүрдүүлж байна.

 

2020 оны эхний  зургаан сарын гүйцэтгэлээр:

 

  • Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 229 сая ам.доллароор
  • Нефтийн бүтээгдэхүүний импорт 130 сая ам.доллароор
  • Хэрэглээний бүтээгдэхүүний импорт 82 сая ам.доллароор буурсан бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний импорт 7 сая ам.доллароор өссөнөөр нийт импорт 434 сая ам.доллароор  буурчээ.

 

Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 53 хувиар буурсан хэдий ч өмнөх сараас 13 хувиар өсөж  тонн тутамд 310 ам.долларт хүрэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top