Энэ өдөр түүхэнд: Акүтагава Рюносүкэгийн эшлэлүүд

2020 оны 07 сарын 24

Японы шинэ үеийн утга зохиолын сонгодог зохиолч Акүтагава Рюносүкэ 1927 ны энэ өдөр буюу 7-р сарын 24-нд амиа хорлосон юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэр мэдрэлийн ядаргаанд орж, байнга амиа хорлох талаар бодож байв. Энэ нь ч түүний сүүлийн зохиолуудад тусгагдсан байдаг.

Алдарт зохиолчийн амьдралын дүрэм буюу эшлэлүүдээс танилцуулж байна.

“Би хэнээс ч илүү харж, ойлгож, хайрлаж байсан”

“Оюун ухаан минь надад оюун ухаан ямар ч хүчгүй гэдгийг ойлгуулсан”

“Хүчтэй хүн ёс суртахууныг гишгэлэн дэвсдэг. Сул дорой хүнийг ёс суртахуун эрхлүүлдэг. Харин ёс суртахуунтай хүн хүчтэй, сул доройгийн хооронд оршдог”

“Худал бол өчигдрийн үнэн юм”

“Мөрийтэй тоглоомчдын дунд гутранги үзэлтэн байдаггүй”

“Хүний амьдрал хайрцаг шүдэнзтэй ижил. Хэт анхааралтай хандвал инээдэмтэй. Хамаагүй хандвал аюултай”

“Бидний хувь заяаг удамшил, орчин тойрон болон тохиолдол тодорхойлдог”

“Нэгэнт өөрийн болгосон зүйл бидэнд хэрэггүй”

“Ард түмэн тэнэг гэдгийг мэдсэнээрээ бахархах хэрэггүй. Харин бид өөрсдөө ард түмэн гэдгээ мэдвэл бахархах хэрэгтэй”

“Хийх амархан. Хийхийг хүсэх л хэцүү”

“Зохиолч хүний оюун санаа, онгод ар шилэнд нь байдаг юм. Өөрөө харж чадахгүй. Харахыг хүсэж, оролдох юм бол хүзүүгээ хугалдаг”

“Хүчтэй хүн дайснаасаа айдаггүй. Найз нөхдөөсөө айдаг”

“Уйдаад зугаалж цэнгэж байгаа хүнд хэлэхэд зугаа цэнгэл уйтгарыг арилгаж чаддаггүй юм шүү”

“Өөрөө дооглуулахаас айдаг хүн л бусдыг дооглодог”

“Бид өөртөө байхгүй юмаар л бахархах дуртай”

“Шийтгүүлэхгүй байхаас илүү шийтгэл гэж үгүй”

“Үргэлжилсэн үгийн зохиол дотор нь байгаа яруу найргийн ачаар л утга зохиолд байр суурь эзэлдэг”

“Амьдрал бол тамаас илүү там юм”

“Уран зохиолын бүтээлийн үг нь толь бичигт бичигдсэнээсээ илүү уран тансаг байх ёстой”

“Хайр дурлал гэдэг нь шунал тачаалыг яруугаар хэлсэн үг”

“Яруу найрагч гэж бүх хүний өмнө сэтгэлээ дэлгэдэг хүнийг хэлнэ”

“Эрх чөлөөг бүгд хүсдэг. Гэхдээ тийм биш. Эрх чөлөө бол уулын цэнгэг агаар гэсэн үг. Сул дорой хүмүүс дааж чадахгүй”

“Үг, ажил нь зөрдөггүй хүн болохын тулд өөрийгөө зөвтгөх урлагийг төгс эзэмших ёстой”

“Хүний амьдрал шүүдэр, аянга цахилгаан шиг л хоромхон зуур алга болдог”

“Диваажинд очигсод юуны өмнө ходоод, нууц эрхтнээ авхуулсан байх ёстой”

“Бид бүгд амьдралын хүлэг моринд мордон, давхихдаа заримдаа аз жаргалтай тааралддаг ч авч амжихгүй давхиад өнгөрдөг. Хэрэв аз жаргалыг авахыг хүсвэл элдэв юм бодолгүй мориноосоо үсрэх хэрэгтэй”

“Амьдрал бол ихэнх хуудас нь тасарч алга болсон номтой ижил”

“Тэнэг хүн өөрөөс нь бусад нь тэнэг гэдэгт итгэлтэй байдаг”

“Байгаль дэлхий биднийг үзэн яддаггүй, атаархдаггүй болохоор хүмүүс байгальд дуртай байдаг”

“Улс төр, аж үйлдвэр, урлаг, шинжлэх ухаан миний хувьд хүний амьдралын аймшиг, бузрыг будсан будаг шиг санагддаг”

“Хүлцэнгүй байх нь романтик бялдуучлал”

“Би хэзээ ч мөнгийг тоож байгаагүй. Мэдээж хоол унданд хүрээд байсан болохоор тэр”

“Амгалан тайван амьдрал, зохиолч хүн хоёр тохирдоггүй. Өөрөөр хэлбэл амгалан амьдардаг хүн зохиолч болж чадахгүй”

“Аз жаргалтай амьдрахын тулд өдөр тутмын жижиг зүйлээс ч таашаал авах хэрэгтэй. Нүүж буй үүл, навчны чимээ, болжморын дуу, зөрөн өнгөрөх хүмүүсийн царай. Бүгдээс нь таашаал ав”

“Бурхнаас заяагдсан хувь заяаг мөргөл үйлдэж, залбираад өөрчилнө гэж бүү найд”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top