Глобал эдийн засаг дахь коронавирусний НӨЛӨӨЛӨЛ

2020 оны 07 сарын 23

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг энэ онд тооцоо, төсөөлөл, таамагт огт байгаагүй хүндрэлүүдтэй тулж, даван туулах шаардлага үүсээд байна. Хэдийгээр эдийн засагт хямрал болдог цикл бий ч цар тахлын тархалт намжихгүй хэвээр байгаагийн сацуу эрсдэлгүй вакцин гаргаж авах хугацаа 2021-2022 он гэгдэж буй нь эдийн засагт тодорхой бус байдал хадгалагдана гэдгийг ойлгуулж байгаа билээ. 

Түүнчлэн глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтүүдийг байнга ажиглах, маневр хийх шаардлага улс орнуудын өмнө тавигдаж байна. Тиймээс дэлхийн эдийн засаг дахь  өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулахад улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх зорилгоор Монголбанкнаас долоо хоног тутам гадаад орчны тойм мэдээллийг хүргэж буй юм. Тойм мэдээллээс тодотгон хүргэе.


 

 

 

  • Oxford Economics байгууллагаас дэлхийн эдийн засгийн төлөвийг өмнөх сарын төсөөллөөс 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 2020 онд 4.5 хувиар агших төсөөллийг  долоодугаар сард шинэчлэн боловсрууллаа. Төсөөллийг өмнөх сараас сайжруулахад Европ, АНУ зэрэг хөгжингүй орнуудад хэрэглээ, жижиглэн худалдаа төсөөлснөөс хурдтай сэргэж, АНУ, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөв сайжирсан нь нөлөөлжээ. Суурь төсөөлөлд БНХАУын эдийн засаг 2  хувиар өсөх, Евро бүсийн эдийн засаг 7.9 хувиар, АНУ-ын эдийн засаг 4.2 хувиар тус тус агшихаар таамаглажээ. Гэхдээ цар тахлын хоёр дахь давалгаа бий болох тохиолдолд дэлхийн эдийн засгийн төлөв муудах эрсдэлтэйг онцлов.

 

  • Хэрэглээний зарцуулалт нэмэгдсэнээр Eвро бүсийн эдийн засаг сэргэж байна. Жижиглэн худалдаа тавдугаар  сард өмнөх сараас эрчтэй сэргэж, өнгөрсөн оны мөн үеэс ердөө 5 хувиар бага түвшинд хүрээд байна. Тухайлбал, бүсийн жижиглэн худалдаа гуравдугаар  сард 10.6 хувиар, дөрөвдүгээр  сард 12 хувиар тус тус агшсан бол тавдугаар  сард өмнөх сараас 17.8 хувиар өслөө. Үүнд нэхмэл материал, хувцас, гутлын худалдаа  тавдугаар  сард өмнөх сараас 147 хувиар өссөн нь гол хувь нэмэр оруулжээ. Мөн тавилга болон электрон бараа, компьютерийн хэрэгслийн худалдаа өмнөх сараас 38 хувиар өссөн байна. 2019 оны сүүлийн улиралд 12.7 хувь байсан өрхийн хадгалах хувь 2020 оны 1 улиралд 16.9 болж нэмэгдсэн дүнтэй байна.

 

  • Цар тахлын улмаас ихээхэн хохирол амссан үйлчилгээний салбарууд сэргэж эхэллээ. Дэлхийн үйлчилгээний салбарын нэгдсэн PMI индекс  тавдугаар  сард 35.1 байсан бол зургаадугаар  сард 48 болж агшилт нь багасав. Дэд бүлгээр авч үзвэл зах зээлийн хүлээлтийн индекс өссөн боловч дэлхийн нийтийн худалдааны эргэлт буурснаар экспортын захиалга муудсан дүнтэй байна. Улс, бүс нутгаар авч үзвэл, АНУ-ын үйлчилгээний PMI индекс  тавдугаар  сард 37.5 байсан бол зургаадугаар  сард 47.9, Eвро бүсийн PMI индекс тавдугаар  сард 30.5 байсан бол зургаадугаар  сард 48.3, Азийн бүсийн PMI индекс тавдугаар  сард 12.6 байсан бол  зургаадугаар сард 33.7 болж тус тус өссөн байна.  

 

  • Японы Төв банк долоодугаар  сарын 15-ны өдрийн хурлаар бодлогын хүүгээ -0.1 хувьд, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийг 0 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэ үеэр Японы Улсын эдийн засаг 2020 оны II улиралд алгуур сэргэж, 2020 онд 4.7 хувиар агшиж, 2021 онд 3.3 хувиар өсөхөөр төсөөлж байгааг мэдэгдлээ. Тус улсын ХҮИ-ээр илэрхийлэгдсэн инфляц  энэ онд 0.5 хувиар буураx бол ирэх жил 0.3 хувиар өсөхөөр байгаа аж. Саяхан Токио хотод Ковид-19 цар тахлын халдвар дахин гарсан ч халдварыг үндэсний хэмжээнд хүргэхгүй, хоёр дахь давлагаа гарахгүй гэж үзэж байна. Цар тахлын үед тус улсын Төв банк хөрөнгийн хөрвөx чадварыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл ихээр олгох зэрэг бодлогын хэрэгслүүдийг  голчлон ашиглаж байна.

 

  • Сингапур Улсын экспорт зургаадугаар  сард хүлээлтээс давж өмнөх сараас 0.5 хувиар өссөн бөгөөд газрын тосыг хасаж  тооцвол бусад экспорт жилийн 16.1 хувиар өслөө. Үүнд электрон барааны экспорт 22.2 хувиар, эм, эмийн бүтээгдэхүүн 30.8 хувиар, мөнгөжөөгүй алт 2.4 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Сингапур Улсын эдийн засаг сүүлийн гурван сард жилээр 41.2 хувиар агшиж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёрдугаар  улиралд 12.6 хувиар агшсаныг Сингапурын Худалдаа, Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

 

  • АНУ-ын Холбооны нөөцийн банк (XНБ)-ны тайлан тэнцэл хумигдах төлөвтэй байна. ХНБ-ны тайлан тэнцэл долоодугаар  сарын 15-ыг хүртэлx долоо  хоногт 7 их наяд ам.долларт хүрсэн нь өмнөх  долоо хоногоосоо бага зэрэг өссөн боловч өмнөх сараас 210 тэрбум ам.доллараар буурчээ. Төв банкны тайлан тэнцэл 2020 оны эхнээс 71 хувиар өсөөд байсан бол аажмаар буурч, гуравдугаар  сараас хойш Ковид19-ийн улмаас эдийн засгийг дэмжих яаралтай багц хөтөлбөрүүдийн хэрэгцээ аажмаар буурч байгааг харуулж байна гэж “Wall Street”-ийн эдийн засагчид үзэж байна. 2020 оны 28 дугаар долоо хоногт XНБ репо арилжаанд оролцоогүй байна. Иймд эдийн засагчид XНБ-ны тайлан тэнцлийн төсөөллийг 1 их наяд ам.доллароор бууруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top