Шидэт дэнлүүнд итгээд ШИЛЭЭ МААЖСАН “ЖИ ТАЙМ”- ЧИД

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

Гэнэт баяжих сонирхолтой гэх үү гэнэн итгэмтгий гэх үү 11370 хохирогчтой “Жи Тайм”-ын шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон.

Шүүх хурал өглөөний 09:00 цагт товлогдсон тул үүнээс өмнө хавтаст хэргийг зөөж оруулах их ажил байв. 11370 хүний мэдүүлэг, өргөдөл, мөнгө шилжүүлсэн баримт, мөрдөн байцаагчийн цуглуулсан баримт, шинжээчийн дүгнэлт  гээд бараг портер дүүрэх хэмжээний хавтаст хэргийг шүүхийн танхим руу зөөж оруулаад сая нэг шүүх хурлыг эхлүүлэв.

Шүүгч орж ирэнгүүт танхимд байгаа бүх хүн босч шүүгчийн зөвшөөрлөөр суудалдаа суулаа. Хурлын эхэнд улсын яллагч бараг боть номын хэмжээтэй хавтаст хэргийг уншиж танилцуулав. Улсын яллагч хэргийн материал дээр ажиллах мэргэжлийн ажлаа хийхээс гадна хэний ч мэдэхгүй нэгэн чадвар эзэмшдэг нь хавтаст хэргийг чанга тодоор уншиж танилцуулах юм билээ. Хэн хэрхэн уншиж байна гэдгээс хамаарч шүүхийн танхимд суугаа иргэдийн анхаарал төвлөрөх, сулрах жишээтэй. Хурлын явц ерөнхийдөө уйтгартай. Улсын яллагч хавтаст хэргийг танилцуулсны дараа өмгөөлөгч нар ээлж дараагаар үг хэлнэ. Дараа нь гэмт этгээдээс асуулт асууна. Мөн өмгөөлөгч улсын яллагч нар мэтгэлцэнэ. Энгийн хар үгээр бол олон өмгөөлөгчтэй шүүх хурал олон цаг үргэлжилнэ гэсэн үг.

Энэ хэрэгт “Жи Тайм”-ын гүйцэтгэх захирал Э.Оюунчимэгийг буруутгахаас гадна урамшуулал авсан иргэний хариуцагч гэгдэх 906 иргэн давхар шүүгдсэн юм. Учир нь эдгээр 906 иргэн тус бүр “Жи Тайм” сүлжээнээс 20 сая төгрөгийн урамшуулал авсан гэдгээ сурталчилж залилангийн хамрах хүрээг улам тэлсэн гэм буруутай тул шүүхээр дэнслүүлсэн билээ.

 

Ингээд шүүгдэгч Э.Оюунчимэгийн хөлсөлсөн хоёр өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын хөлсөлсөн хоёр өмгөөлөгч, хохирогч нарын хөлсөлсөн нэг өмгөөлөгч нийлээд таван хүн гурван улсын яллагчтай мэтгэлцэв.

Шүүх хурлын үеэр “Жи Тайм”-ын гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг "Надад ямар ч эрх мэдэл байгаагүй. Би зүгээр л сууж байсан. Би өөрөө хохирогч. Учир нь би өөрөө энэ хөтөлбөрт хамрагдахаас гадна хүүхдүүдийнхээ нэр дээр мөнгө хийсэн. Яг үнэндээ М.Марат захирал н.Цэндпүрэв хоёр бүх ажлаа гардаж хийдэг байсан. Монгол Улсад олон хүн хохирсонд би харамсаж байна. Би ийм олон хүн хохирсон гэдгийг яллах дүгнэлтийг уншиж мэдсэн. Өөрөө 100 мянган төгрөг төлөөд 2015 оны арваннэгдүгээр  сард "Жи Тайм" сүлжээнд нэгдэж орсон. Сүлжээнд элсээд урамшуулалд 100 ам.доллар, нэг машин авсан. Би энэ сүлжээний гол ажилд нь ороод зааварчилгаа өгөөд байсан юм байхгүй. Намайг 10 хоног эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд ийм юм болсон байсан. "Жи Тайм" бол урамшуулалт хөтөлбөр гэж явдаг байсан. Энэ сүлжээнд элссэн тухайн иргэн ардаа хэдэн хүн элсүүлээд ямар урамшуулал авдаг тухай би мэдэхгүй. Тийм нарийн заасан зүйл байхгүй. Би "Жи Тайм"-ын хувьцаа эзэмшигч биш. Энэ хөтөлбөрт хамрагдсан ямар ч иргэний мөнгийг би өөртөө авч үзээгүй” гэж шүүгчийн өмнө мэдэгдэв.

Харин шүүхийн үүдэнд 10 гаруй өндөр настан ирсэн байв. Хөөрхий дөө... хөлөө зөөн хоёр гурав гишгэх хагас харвасан эмээ, гэрээсээ хөөгдсөн гээд хувцсаа торлосон хэжээл насны эмэгтэй, сонсгол муу өндөр настай өвөө тэдний дунд сууна. Уг шүүх хурлын процессыг шууд дамжуулах дэлгэцийг ширтэн, шүүхийн шийдвэрийг хүлээж сууна. Гэхдээ бас дандаа хөгшин хүмүүс “Жи Тайм”-д залилуулаагүй байх лдаа.

Хэдэн тоо дурдахад 11370 иргэний 40 тэрбум 160 сая төгрөг “Жи Тайм”-ын дансанд цугларсан байна. Үүнээс 10 тэрбум төгрөгөөр Казакстан руу бараа захиалсан байгаа юм. Цүнх, саван, шалавч, бугуйн цаг зэрэг бараа захиалж авчраад олон хүн элсүүлсэн гишүүндээ урамшуулал хэлбэрээр өгдөг байж. Гэтэл 40 мянган төгрөгийн өртөгтэй цүнхийг 600 мянган төгрөгийн үнэтэй цүнх гэж тараадаг байсныг шинжээч тогтоож, хавсаргажээ.

Дээрх 40 гаруй тэрбум төгрөгөөс долоон тэрбум нь банкны дансанд байсныг битүүмжилсэн байна. Мөн 400 сая төгрөгөөр үнэлэгдэх зургаан ширхэг авто машин, дарвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ. “Жи Тайм”-ын хэрэг олон жил үргэлжилсэн тул хураагдсан барааны чанар алдагдаж, хүн хэрэглэхийн аргагүй болсон байна. Банкнаас битүүмжилсэн мөнгө болоод авто машиныг зарж борлуулаад 11370 иргэнд хувь тэнцүүлсэн байдлаар тараах шийдвэрийг шүүгч гаргасан билээ.

“Жи Тайм”-ын гол буруутан Казаксан улсын иргэн М.Марат 10 тэрбум төгрөгийг эхнэр лүүгээ шилжүүлээд, оргон зайлсан байдаг. Хилийн хоригтой байж оргон зайлсан энэ этгээдийг одоо хүртэл олоогүй байгаа. Э.Оюунчимэг мөнгө завшаагүй байж болно гэхдээ М.Маратын хамжигч, олон хүнийг хохирооход хамжиж оролцсон гэдгээр нь ял оноож байгааг шүүгч онцолсон юм. Шүүгч түүнд таван жилийн хорих ял, 11 тэрбум төгрөг гаргуулах шийдвэр гаргав. Шүүгч шийдвэрээ танилцуулах мөчид Э.Оюунчимэг “надаас 11 тэрбум төгрөг гаргуулах юм уу” хэмээн нүдээ томруулан өмгөөлөгчөөсөө сэмхэн асуув. Эцэст нь Э.Оюунчимэг энэ олон хүнийг хохирсонд харамсч байгаа ч надад хохирол барагдуулах ийм их хэмжээний мөнгө байхгүй тул давж заалдана гэдгээ мэдэгдсэн юм. Харин шүүхийн үүдэнд цугласан иргэд “Жи Тайм”-ын данснаас битүүмжилсэн долоон тэрбумынхаа тооцоог гаргачихсан, хэзээ мөнгөө өгөх бол хэмээн ам уралдан сууцгааж байв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ном(202.55.188.37) 2020 оны 07 сарын 24

маажих гэж бичиж бай

0  |  0
11(103.14.38.137) 2020 оны 07 сарын 23

нүдээ бөлтөгнүүлэн гэшшш

0  |  0
Top