Б.Баттүшиг Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдлоо

2020 оны 07 сарын 18

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны гишүүнээр сонгогдлоо.

ОУОХ-ны 136 дахь чуулган цар тахлын улмаас цахим хэлбэрээр өчигдөр /2020.07.18/ зохион байгуулагдаж өндөрлөв. Тус чуулганаар ОУОХ нь шинээр таван гишүүнийг баталснаар нийт 103 гишүүнтэй боллоо.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Залуучууд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл ОУОХ-ны удирдах түвшинд нэмэгдэж буйд баяртай байна. Тэдний мэдлэг, туршлага нь нийт Олимпийн хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдэв.

ОУОХ-ны шинэ Гишүүдээр МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн Гишүүн Б.Баттүшиг-ээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч, Олимпийн аварга Себастьян Кое, Хорватын Ерөнхийлөгч асан К.Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа элчин сайд, гүнж Реема Ал-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Руэнэс нар сонгогдсон байна.

Чикагогийн Их Сургууль, Харвардын Их Сургуулийг төгссөн Б.Баттүшиг нь Олимпийн хөдөлгөөний түншлэл-хамтын ажиллагаа, технологи-инновацийн чиглэлд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж буй спорт-олимпизмийн залуу зүтгэлтэн, боловсон хүчин билээ.

Б.Баттүшиг нь 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд мөн “Токио-2020” Олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж буй. Тэрээр 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдсон билээ.

Мөн тэрээр 2015 онд Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч, 2017 оны Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг хүлээн авч, тус спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусыг татан оруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Монгол улсаас өмнө нь, спортын олондоо “Олимпийн өвөө” хэмээн хүндлэгдсэн Ш.Магван нь ОУОХ-ны Гишүүний ажлыг 2007 оныг хүртэл гүйцэтгэн өдгөө ОУОХ-ны Хүндэт гишүүн болоод буй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.55.191.40) 2020 оны 07 сарын 19

Эсгий хийж байхад энэ хүү яах нь вэ?

0  |  0
Иргэн(150.129.143.199) 2020 оны 07 сарын 18

Залуу хүнд баяр хүргэж амжилт хүсье! Харин Дашдаваад Сү.Батболдынхны илүү хаялга хэрэгтэй байгаа тул хүүд нь дэндүү зулгуйдаж байгаа нь илт харагдаж байна. Олимпын хороог удирдачих аавын хүү Монголд бишгүй байлгүй яахав. Сонгогдохгүй байхаа халаг малаг ч гэх шиг

1  |  0
Dashdavaa(98.244.106.112) 2020 оны 07 сарын 18

Дэлхийн энтэй хүүд баяр хүргэж амжилт хүсье Уг нь олимпын хороог толгойлох бүрэн чадамжтай хүн дээ Сонгогдохгүй л байхаа даа халаг гэж

0  |  0
Top