ОЛОН ӨНГӨ: Согтуурлын ард бяцхан үрс нь баярлаж чадсан болов уу

2020 оны 07 сарын 16

Цар тахал, үзэгчгүй наадмын үед ч монголчууд дэнж хотойтол сайхан нааддаг гэдгээ өнгөрсөн таван хоногт харуулж чадлаа. Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын уултай, модтой, голтой, устай булан тохой бүрт наадамчин олон хуран цугларсан. Найз нөхдөөрөө, ах дүүсээрээ, аав ээжтэйгээ, хамт олонтойгоо хаа сайгүй зугаална. Ингэж зугаалахдаа үр хүүхдээ умартаж байгаатай хэдэнтэй таарлаа.

Эрэг нь үл харагдтал мэлтэлзэн үерлэсэн Туул голын зэргэлдээ хөлчүүрхэн согтсон томчууд ууж идсээр. Тэдний дунд үерт голыг мэдэхгүй бяцхан үрс нь гүйлдэж тоглоно. Ууж идэж байхдаа томчууд үр хүүхдээ анзаардаг болов уу.

Баярын өдөр автобусанд хоёроос зургаа орчим настай гурван хүүхдээ дагуулсан дуу шуугиантай аав, ээж орж ирлээ. Дуу шуугиантай гэхийн учир залуухан аав, ээж хоёулаа согтуу. Хүүхдүүд өмөрч урагдсан халтар хувцастай, гартаа эвдэрхий тоглоом, тал ундаа барьжээ. Аав халааснаасаа дөрвөн ширхэг мянгатын дэвсгэрт гарган байн байн тоолон зогсохдоо эхнэр рүүгээ хяламхийнэ. Энэ айлын гурван бяцхан хүүхдийн өнөөдрийн өдрийг бодон сэтгэл түгшиж, өр эмтрэн суулаа.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад 2020 онд улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох гэмт хэрэг 32 хувиар өсөж, ялангуяа баярын өдрүүдэд аав, ээж, ойр дотнын хүмүүсийнхээ анхаарал, болгоомжгүй байдлын улмаас хүүхдүүд амь насаа алдах нь хэвийн үзэгдэл мэт болж, энэ хэвээр он жилүүд, өдөр хоног улирсаар л байна.

Томчуудыг баярлаж цэнгэж явахад нэг талд үр хүүхдүүд нь юу бодож, юуг туулж өнгөрөөж байгаа бол. Тайван гэрт нойр бүтэн хонож, баяр, амралтын өдрүүдээ аав, ээжтэйгээ жаргалтай тэмдэглэн өнгөрүүлдэг олон мянган хүүхэд байхад согтуурлын балгаар зүрхэндээ, нүдэндээ нулимстай, аав, ээждээ энхрийлж хайрлуулж чадахгүй өсөж, торниж, өдөр хоногийг аргацааж байгаа бяцхан үрсээ яах вэ. Архинд толгойгоо мэдүүлж явахдаа анзаарч хүүхдээ нэг сайн хараарай, аав ээжүүд минь.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 07 сарын 25

arhidaad l baidag er, em umnuudiig eroosoo oilgodoggui....ynen tenge haragddag,....ichmeer

0  |  0
zochin(66.181.178.52) 2020 оны 07 сарын 16

khelekh ch ug alga , yaduu , zalkhuu , tegeed zugaalj arkhidakhdaa durtay ,

0  |  0
Top