Сүмочид бие халаалт хийхдээ ч маск зүүнэ

2020 оны 07 сарын 15

Энэ сарын 19-нд Токиод мэргэжлийн сүмо бөхийн Долоодугаар сарын башё эхлэх гэж байна. Бөхчүүд дөрвөн сарын дараа дохён дээр гарах болно. Тэмцээн эхлэхээс зургаахан хоногийн өмнө Сүмо бөхийн холбооноос үзэгчтэй явуулахаар шийдвэрлэсэн. 10 мянган хүний багтаамжтай Кокүгикан ордонд 2500 үзэгчийг л оруулахаас гадна цар тахлын эсрэг маш олон арга хэмжээ авах юм.

Токио хотод коронавирусний халдвар дахин нэмэгдэж байгаа энэ үед зохион байгуулагдах тул анхаарал болгоомжтой байх нь зүйн хэрэг.

Бөхийн ордонд 4 хүний багц суудалд нэг хүн, хоёр давхрын суудалд үзэгчийн баруун, зүүн талд 3, урд, хойно тус бүр 1 суудал хоосон үлдээнэ. Дохёны ойролцоох суудлыг хураажээ. Үзэгчид танхимд юм ууж болохгүй. Хоол, бэлэг дурсгалын мухлагуудын тоог цөөлнө. Мэдээж бүх хүний халууныг хэмжинэ.

Мэргэжлийн сүмод үзэгчид өглөө 8 цагаас жонокүчи зиндааны барилдаанаас ордонд орж эхэлдэг ч энэ удаад 13 цагаас санданмэ зиндааны барилдаанаас үзэгчдийг оруулна. Бөхчүүдийг дэмжин, хашхирах хориотой. Ояката нар эргүүл хийж, хашхирсан хүмүүст сануулга өгнө. Ёкозүна ялагдахад суудлын дэр шидэж болохгүй.   

Сүмочдын хувцас солих тасалгаа бол бөөгнөрөл үүсэх газар. Кокүгикан ордны хувцас солих өрөө газар доош нэг давхарт байдаг тул агааржуулалт тааруу. 5х28 метрийн зайд дээд зиндааны 21, жюүрёогийн 14 бөх, тэдний туслах гээд хамгийн олондоо 100 хүн байх үе бий. Тиймээс жюүрёо зиндааны бөхчүүдийг хоёрдугаар давхарт байх сургалтын танхимд байрлуулах болжээ. Бөхчүүдийн хооронд нийлэг хавтан хана байрлуулна гэхээр улам бүгчим болох шинжтэй.

Бөхчүүд бие халаалт хийхдээ ч маск зүүнэ. Барилдахаар хувцас солих өрөөнөөс гарахдаа маскаа авч, барилдаж дуусаад ирэхдээ шинэ амны хаалт зүүнэ. Цолтой бөхчүүд үсээ өөрсдийн дэвжээнд янзална. Барилдааны дараа сүмочид ордонд усанд ордог ч энэ удаад шүршүүрт богино хугацаанд орохыг л зөвшөөрчээ. Бөхийн ордонд ирэх, харих замдаа ундаа худалдаж авахаас өөр газар орохыг хориглоно.

Энэ бүхнийг зөвшөөрөөгүй бол Эрүүл мэндийн газраас үзэгчтэй тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл өгөхгүй байжээ. Хаврын тэмцээнд нэг хүнээс коронавирус илрэхэд л тэмцээнийг зогсооно гэж байсан бол харин энэ удаад  башё үргэлжлэн явагдах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top