Франк Чамизо 100 мянган доллароор барилдана

2020 оны 07 сарын 13

АНУ-д долдугаар сарын 25-нд Техас мужийн Остин хотод чөлөөт бөхийн шилдэг тамирчдын халз барилдаантай. Хамгийн гол оргил барилдаан “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, Токиогийн олимпын сорилгод 74 кг-ын жинд барилдахаар шийдээд буй, 2018, 2019 оны дэлхийн 79 кг-ын жингийн аварга АНУ-ын Кайл Дейк нарын хооронд болох юм.

Дагестаны чөлөөт бөхийн холбооны сурвалжлагч Чамизогийн дасгалжуулагч Валентин Каликатай уулзаж ярилцжээ.

-Бэлтгэл ханаж байна уу?

-Бүх юм хэвийн байгаа. Би эхлээд шоу болохгүй нь гэж бодож байлаа. Өөрийн шавь холимог тулаанч Аарон Пиког бэлтгэл хангагчаар урих гэтэл бүтээгүй. Флоридад бэлтгэл хийх гэтэл тэнд коронавирус дэгдээд болоогүй юм. Харин халдварын голомт гэгдэж байсан Нью-Йорк хотод байдал намжсан тул Франк энэ хотод бэлтгэлээ базааж байна.

-79 кг-ийн жинд барилдана гэхээр Франк нэлээд жин нэмэх хэрэгтэй болох нь.

-Одоо бараг 79 кг байгаа. Гэхдээ Кайл Дейк жингээр илүү байх нь тодорхой. Тэр жин үзэлт дээр хэдэн кг хасах байх. Дараа нь буцаад л хассан кг-аа авчих нь шүү дээ. Дейк Кокст ялагдаагүй бол 86 кг-ийн жинд Риогийн олимпод оролцох шахсан хүн.

-Энэ халз барилдаанаас Франк хэдэн долларын шагнал авах вэ?

-Гэрээ ёсоор тогтсон мөнгөнөөс гадна шоуг зохион байгуулж, шууд дамжуулах Flowrestling сайтын орлогоос хувь хүртэнэ. Яг хэдэн долларын орлого олох нь хэлэхэд бэрх. Гэхдээ доод тал нь 100 мянган ам.доллар гэдэг нь тодорхой.

-Чөлөөт бөхийн ямар ч тамирчин ийм их мөнгөөр барилдаж байгаагүй.

-Өөрийгөө ганц магтчихад энэ бүхэнд миний оролцоо их бий. Би Чамизогийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан. Америкчуудын анхны санал болгосон мөнгөний хэмжээг хэд дахин өсгөж чадсан. Чөлөөт бөхийнхөн үнэлэгдэхгүй байна гэж би эртнээс боддог байлаа. Холимог тулаанчдын цалин хөлстэй харьцуулах ч аргагүй. Чөлөөт бөхөд хурц тод од олон бий. Тэдний барилдааныг бид яагаад заавал олимп, ДАШТ дээр л харах ёстой гэж? Энэ бүхнийг маш сайн зохион байгуулж, бөх сонирхогчдод үзүүлэх хэрэгтэй. Бөхчүүдийн хөдөлмөрийг зохих ёсоор нь үнэлж, одуудад нь сайн мөнгө төлөх ёстой.

- Кайл Дейкийн шагналын мөнгө хэд байгаа бол?

-Мэдэхгүй, гэхдээ хангалттай гэж бодож байна. Дейк бол АНУ-д маш алдартай бөх. Дэлхийн хошой аваргаас гадна Америкийн оюутны АШТ-ий дөрвөн цом нь түүнд нэр хүнд авчирсан юм. Дөрвөн өөр жинд түрүүлсэн бөх дөө.

-Шоуг зохион байгуулагчид цахим сүлжээгээр сурталчилгаагаа хэдийн эхэлжээ.

-Тэд шоуг маш сайн хийж чадна. Өрсөлдөх бөхчүүдийг бараг маргалдуулаад л. Гэхдээ UFC холбооны тулаанчид шиг хэрэлдээгүй л дээ. Надаас бас ярилцлага авсан. Би шоунд тохируулаад Дейкийг айж байвал дэвжээнд гараад хэрэггүй гээд бяцхан хатгаад авсан гэж байгаа.

- Flowrestling-ийн шоунд манай дагестан бөхчүүд оролцож болох уу?

- Абдулрашид Садулаеваас татгалзах хүн дэлхийд байхгүй. Өөр хүчтэй бөхчүүд ч бий. Хэрэв хүсвэл би зуучилж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top