КОВИД-19 | Токиод хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

2020 оны 07 сарын 10

Дэлхийн бусад оронд коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.

Дэлхийн хэмжээнд нийт 12.169.400 хүн коронавирусний халдвар авч, 6.6 сая гаруй хүн эдгэрч, 550 мянга гаруй хүн эндээд байна. АНУ, Бразил, Энэтхэг улс халдварын тоогоороо тэргүүлсэн хэвээр байна.

АНУ-д хоногт 64700 гаруй шинэ тохиолдол, 991 нас баралт нэмж бүртгэгдэж, нийт 3.1 сая хүн өвчилж, эдгэрсэн хүний тоо 1.4 сая боллоо.

Бразилд хоногт 42 мянга гаруй халдвар, 120 нас баралт нэмж бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо нэг сая давжээ.

Энэтхэгт хоногт 24800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар өссөн дүнгээр 767.296 боллоо.

Япон улсад хоногт 350 шинэ тохиолдол бүртгэгдсэний 224 нь нийслэл Токио хотод бүртгэгдсэн байна. Энэ нь Токио хотод дөрөвдүгээр сарын 27-ноос хойш хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болжээ.

Австралид 182 шинэ тохиолдол илэрсний 165 нь Виктория мужид бүртгэгджээ.

Өмнөд Солонгост 45 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн бөгөөд 22 тохиолдол нь дотоодод, 23 нь гадаадаас зөөвөрлөгдөн иржээ.

Хятадад дотоодод шинэ халдвар нэмэгдээгүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол нэмэгдсэн байна. Бээжин хотын хүнсний захтай холбоотой халдвар сүүлийн дөрвөн өдөр нэмж бүртгэгдсэнгүй. Тус улсад нэмж 12 өвчтөн эмнэлгээс гарснаар нийт 72 хүн эдгэрчээ. Хонконгт 42 шинэ тохиолдол илэрсний 34 нь дотоод дахь халдвар бөгөөд тэдгээрийн 23 нь өндөр настны асрамжийн төвд бүртгэгджээ.

 

Top