КОВИД-19 | Австралид хүмүүсийг хатуу хөл хорионд оруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Дэлхийн бусад оронд коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.

Хойд хөрш ОХУ-д хоногт 6000 гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, 198 хүн нас баржээ. Орост нийт халдварын тоо 694.230, эндэгдэл 10.494 болсон байна. Буриад, Тува улс, Чита мужид халдвар 37-73 тохиолдлоор нэмэгджээ.

АНУ-д хоногт 46.300 гаруй шинэ тохиодол нэмж бүртгэгдсэн бөгөөд нийт гурван сая гаруй хүн өвчилж, 133 мянга гаруй хүн нас барсан байна. АНУ-ын 24 муж улсад нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг нээх хугацаагаа хойшлуулах шийдвэр гаргажээ.

Бразилд шинэ халдварын тоо өссөөр байна. Хоногт 45 мянга гаруй халдвар илрүүлсэн тус улсад нийт 1.6 гаруй хүн өвчлөөд байна.

ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсэд Энэтхэг улсад хоногт 22 мянга гаруй шинэ тохиолдол илэрч, нийт халдвар 719 мянгыг, нийт нас баралт 20 мянгыг давлаа.

Казахстанд хоногт 1109 шинэ тохиолдол, дөрвөн нас баралт бүртгэгджээ.

Японд 211 шинэ тохиолдол илэрсний 106 нь нийслэл Токио хотод бүртгэгдсэн байна. Тус улсад халдвар 20 мянгыг давснаас 85 хувь нь эдгэрчээ. Японд хүнд өвчтөнүүдэд нойр булчирхайн цочмог үрэвслийн эсрэг эмийг хэрэглэхэд үр дүнтэй байгаа аж. Тус эмийг “Авиган” эмтэй хавсран хэрэглэхэд коронавирусний халдвартай өвчтөнүүдэд эмнэл зүйн шинж тэмдгүүд бүрэн арилсан байна.

Номхон далайн баруун бүсэд Австралийн холбооны улсад 199 шинэ тохиолдол илэрсний 191 нь Виктория мужид бүртгэгджээ. Халдвар хумигдахгүй байгаа учир Мельбурн хотын таван сая гаруй оршин суугчдыг зургаан долоо хоногийн хугацаатайгаар хатуу хөл хорионд оруулах шийдвэр гаргасан байна.

Өмнөд Солонгост буддын сүмээс голомттой халдвараар нийт 92 хүн өвчилж, шинэ тохиолдлууд Сөүл хот болон Кёнги аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгджээ.

Хятадад дотоодод шинэ халдвар бүртгэгдээгүй бөгөөд гаднаас долоон тохиолдол зөөвөрлөгдөн орж иржээ. Тус улсад 13 өвчтөн нэмж эдгэрснээр зургаадугаар сарын 11-нээс хойш илэрсэн нийт 335 тохиолдлын 28 нь эмнэлгээс гарсан байна.

 

Top