Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталлаа

2020 оны 07 сарын 08

УИХ-ын Анхдугаар чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль  тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээний ажлын хэсгийн талаар асуулт асуусан юм. Үүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Дубайн гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцээгүй хэлэлцээр болсон. Дубайн гэрээн дээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулахгүйгээр долоон асуудалд буулт хийсэн байдаг. Харамсалтай нь энэ хэлэлцээрийг шууд цуцлах гэхээр дэлхийн хэмжээний 23 томоохон компани хөрөнгө оруулсан байна. Эрх зүйн маргаантай асуудал гарах учраас ажлын хэсэг ажиллаад явж байгаа" гэж хариулав. Ингээд гишүүдийн зүгээс өөр зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувийн саналаар баталсан юм.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлав. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн зургаа, чиглэлийн найм, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болж байгаа юм. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top