КОВИД-19 | Энэтхэг улс халдварын тоогоор дэлхийд гуравдугаарт бичигдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

Дэлхий дахинд 11 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчлөөд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд халдварын 203 мянган тохиолдол нэмж бүртгэгджээ. Энэтхэг улс халдварын тоогоороо ОХУ-ын урд орж, АНУ, Бразилын дараа дэлхийд гуравдугаарт бичигдэж эхэллээ. Тус улсад 697.413 хүн коронавирусний халдвараар өвчилж, 19693 хүн нас бараад байна. Хоногт бүртгэгдсэн халдварын тоо дахин 24 мянгыг давжээ.

АНУ-д нас баралт ялимгүй буурч, хоногт 235 нас баралт бүртгэгдэв. Тус улсын 32 мужид халдварын тоо өссөн хэвээр байгаа бол 14 мужид үзүүлэлт тогтвортой байна. Халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархаж байгаа тул нийт 35 муж улсад амны хаалт зүүхийг заавал шаардлага болгожээ.

Бразилд хоногт 20 мянга гаруй шинэ тохиолдол, 620 нас баралт бүртгэгджээ. Тус улсад Хятадын хөгжүүлж байгаа “Коронавак” вакцины эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтыг хийхээр болсон байна. Сан Пауло болон хүн ам ихээр оршин суудаг мужид туршилтыг эхлүүлэхээр болжээ.

Тэгвэл Казахстанд хоногт 1403 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 48514 хүн өвчилж, 188 хүн нас барсан байна.

 

Top