САЙХАН МЭДЭЭ  | Долоо хоног дараалж халдварын тохиолдол нэмэгдсэнгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06


Эрүүл мэндийн яам коронавируст цар тахлын нөхцөл байдлыг танилцуулж ээлжит мэдээлэл хийх үеэр Монгол Улсад коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй тухай мэдээллээ.

Өчигдөр буюу долоодугаар сарын 05-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан хотын салбар лабораторид 334 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

“ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, тандалтын журмаар цуглуулсан долоон сорьцод коронавирус илрээгүй. Мөн ажиглах байрны 26 хүнд,    Токио-УБ 262 хүнд давтан шинжилгээ  хийхэд коронавирус илрээгүй байна. Алтанбулагийн 32 жолоочоос илрээгүй. Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний сорьцноос илрээгүй байна” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярьлаа.

Дуулгах бас нэгэн сайн мэдээ байгаа нь өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ.

Эдгэсэн өвчтөнүүдийн хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй аж. Тодруулбал 22 настай эрэгтэй 48 хоног, 36 настай эрэгтэй 37 хоног, 51 настай эмэгтэй 23 хоног эмчлэгдээд эдгэрсэн байна.

Ингэснээр батлагдсан 220 тохиолдол байгаагаас 188 хүн эдгэрчээ.

 

 

Top