Аюулт тахлаас аврагдах АРГА-АТРЫН аян, аж үйлдвэрийн хувьсгал

2020 оны 07 сарын 06

Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал коронавирус арилах бүү хэл, амьдрах аргаа нарийсган анхлан  агаар дуслын замаар халдварладаг байснаа аманд хийдэг хүнсний бүтээгдэхүүнээр дамжиж заналхийлдэг болов. Бээжинд ажилладаг, цар тахлын голомт дунд амьдарч буй сэтгүүлч дүү бичжээ.

“Ам руугаа явуулж байгаа юм бүхнээс айх, амтыг нь үрэгдтэл угааж арчих... Бээжинг бүхэлд нь хангадаг хүнсний төв захад халдвар тархсанаас хойш маш зовиуртай амьдарч байна. Энэ тахал амьдралд тун олон өөрчлөлт авчирч байгаагийн нэг нь идэж ууж байгаа зүйлдээ итгэх боломжгүй болсон. Монголчууд минь амандаа хийх бүхнээ өөрсдийнхөө хөрсөнд тарьж ургуулж, халуун хошуут малынхаа буянаар л аюулыг гэтэлнэ шүү. Импортын хүнснээс аль болох татгалзах цаг айсуй. Нөгөө атрын аян шиг кампанит ажлууд өрнүүлж дотоодоо 100 хувь хангаад эрүүл хүнсээ гадагш эскпортлохыг зорих... Энэ тахал дуусах эд биш ажээ”.

Гадаадаас оруулж ирдэг өнгө алагласан амтат хүнс таашаал бус, тамлал дагуулж мэдэхээр ийм цаг ирснийг аюулын голомт дунд бяцхан охиныхоо хамт ажиллаж, амьдарч байгаа монгол бүсгүй ийн сануулсан байна. Цар тахлын эхний давлагаа-агаар дуслын замаар дамждаг шатыг амны хаалт, дэг журам, ариун цэвэр сахиснаар эндэгдэлгүй давж байгаа бол хоёр дахь давлагаа-хоол, хүнсээр түгэх аюулыг дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, экологийн цэвэр хүнсээр иргэдээ бүрэн хангаснаар элэг бүтэн тогтоон барьж чадах цаг иржээ.  Хил хаалттай, хүнсээ дотоодоосоо голдуу базааж байгаа энэ үед л амжиж Атрын аянаа шамдуулж, аж үйлдвэрийн IV хувьсгалаа өрнүүлэх боломж нээгдлээ. УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрт ч энэ тухай заалтууд оржээ. Ялсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон хэрэгждэг учиртай. МАН-ын мөрийн хөтөлбөрийн “Бүтээлч эдийн засаг” хэсэгт “Аж үйлдвэрийн IV хувьсгалыг эрчимжүүлж, бүтээлч аж үйлдвэрийг дэмжих санхүүгийн тогтолцоог бүрдүүлж, соёлын аж үйлдвэрийн парк байгуулна” гэжээ. “Эдийн засгийн төрөлжилт” бүлэгт “Атар-4” аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлнэ”, “Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана”, “Хүлэмж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногооны дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана”, “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүүний үйлдэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно”, “Монгол малын махны ач тусыг олон улсад сурталчлан таниулж, экспортын махны үнийг нэмэгдүүлнэ” гэх зэргээр ард иргэдээ дотоодоосоо хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах, улмаар гадаадад экспортлох чиглэлээр олон заалт орсон харагдана.

Цар тахлын аюул хаяа тойрон бүслээд удаж буй энэ цаг дор үндэсний үйлдвэрлэлээ сэргээж, хоол хүнсээ гадаадаас зөөх бус, өөрсдийн гараар бэлтгэсэн сэжиг цээргүй идээ ундаагаа элбэг дэлбэг бэлтгэх нөөц монголчуудад хангалттай бийг бүгдээрээ мэднэ. Хонь, ямаагаа саалгүй эхлээр тавьчихдаг, үхрээ хагас дутуу шувтардаг, арьс ширээ борц болгоод хаячихдаг, хонины ноосоо харганы оройд үлдээгээд салхинд хийсгэчихдэг, тэмээ, сарлаг нь ноос, хөөврөө хөглөрүүлээд явж байдаг, тариан талбайгаа зэрлэгт бариулчихдаг, малынхаа дотор мах, богийн шийрийг голоод хаячихдаг, ясыг нь дутуу мөлжөөд нохойд чулуудчихдаг цамаан зангаасаа салж, нөхөн сэргээгддэг баялгаа алт болгох боломжийг цар тахал бидэнд олгож байна. Гадаад орнуудад жинхэнэ валютаар үнэлэгдэх экологийн цэвэр бүтээгдэхүүнээрээ ийнхүү “гараа угааж, гаргуунд нь гаргадаг” бидний араншинг байх байранд нь тавих боломж олгож буйд нь “Титэмт” гайхалд нэг талаар “талархууштай”. Байгалийн баялаг аньс, чацаргана, нэрс тэргүүтэн жимс жимсгэнээ тарималжуулж, самраа боловсруулж, гогод, мангир, таанаа ч хүлэмжид тариалчихвал жинхэнэ ЖДҮ хөгжиж, иргэд нь орлоготой, эрүүл хүнстэй, хүүхэд, хөгшид нь дархлаатай байх бүрэн боломж монголчуудад байна.  Энэ чиглэлээр МАН-ын мөрийн хөтөлбөрт “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжинэ” хэмээн тусгажээ.

Цар тахал дуусахыг хүлээж, хилээ нээхийг шаардаж, эдийн засаг унаж буйн шалтгааныг бусдад тохож, нөхөн олговор нэхэж суухын оронд саваа бэлтгэж сааль сүүндээ шамдая, дотоодын махны үйлдвэрлэлээ хөгжүүлье, арьс ширээрээ эдлэл бүтээе, ноос, хөөврөөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэе. Атрын аяндаа шамдая. Үүнийг бэлээхэн дэмжих мөрийн хөтөлбөртэй нам олонх болоод Засгийн газраа бүрдүүлчихээд байж байна. Засгийн эрхэнд гарсан нам таалагдсангүй, миний хүссэн нэр дэвшигч сонгогдсонгүй гэх тунирхлаа ардаа үлдээгээд, цар тахлын гашгийг боломж болгож, дор дороо ухаан сийлж, дотоодын хоол хүнсээрээ гурван сая гаруйхан хүн амаа элбэг дэлбэг хангаад, илүү гарсныг нь гадагш гаргахад эдийн засаг босоод л ирнэ.

Ковид-19-ийн дараагийн давалгааг эрүүл хүнсээрээ элэг бүтэн даван туулах бүрэн боломж монголчуудад бий. Аюулт тахлаас аврагдах дараагийн арга бол мах, сүү, атрын аян, аж үйлдвэрийн хувьсгалд шамдах  ажил гэдгийг корона  вирустай цаг үе бидэнд сануулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монг(103.20.152.50) 2020 оны 07 сарын 06

Хонь, ямаагаа саалгүй эхлээр тавьчихдаг, үхрээ хагас дутуу шувтардаг, арьс ширээ борц болгоод хаячихдаг, хонины ноосоо харганы оройд үлдээгээд салхинд хийсгэчихдэг, тэмээ, сарлаг нь ноос, хөөврөө хөглөрүүлээд явж байдаг, тариан талбайгаа зэрлэгт бариулчихдаг, малынхаа дотор мах, богийн шийрийг голоод хаячихдаг, ясыг нь дутуу мөлжөөд нохойд чулуудчихдаг цамаан зангаасаа салж, нөхөн сэргээгддэг баялгаа алт болгох боломжийг цар тахал бидэнд олгож байна.

0  |  0
Top