Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

-Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо-

Хурлаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, НИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. НИТХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Тэргүүлэгч Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нарыг чөлөөлж, төлөөлөгч Н.Баярмөнх, М.Халиунбат нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах санал орууллаа. Харин Ардчилсан намын бүлгээс Тэргүүлэгч Ё.Цацралтуяаг чөлөөлж, төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргажээ. Уг асуудлыг хэлэлцээд дээрх өөрчлөлтийг оруулсан юм. Мөн УИХ-ын сонгуульд НИТХ-ын 10 төлөөлөгч нэр дэвшсэнээс 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн НИТХ-ын Тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан нар олонхын саналаар УИХ-д сонгогдоод байгаа. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу эдгээр гурван хүнийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлсөн юм.

Хуралдааны төгсгөлд НИТХ-ын дарга Р.Дагва “УИХ-ын 2020 оны сонгуульд сонгогчдын 73.6 хувь нь оролцож, саналаа өгсөн. Энэ нь 2000 оноос хойш болсон сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болжээ. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өгсөн нийслэлийн нийт иргэддээ талархаж байгаагаа НИТХ-ын нэрийн өмнөөс илэрхийлье. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг Улаанбаатар хотын хэмжээнд нийслэлийн Сонгуулийн хороо зохион байгуулсан бөгөөд долоон дүүргийн 451 хэсгийн хороонд төрийн 4484 албан хаагч ажиллалаа. Төрийн хуулиа дээдлэн, хоёргүй сэтгэлээр ажилласан төрийн албан хаагчид, мөн цагдаа, онцгой байдлын албан хаагчдадаа НИТХ-ын нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. 2020 он бол онцлогтой жил. Ирэх аравдугаар сард Сонгуулийн тухай хуулийн дагуу нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болно. Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлаас үүдэн энэ жил төрт ёсны уламжлал Улсын баяр наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсонтой холбогдуулан бэлтгэл хангаж байна. Эцэст нь хэлэхэд, наадмын дараа намар гэдэг үг байдаг. Наадмын дараа сайжруулсан шахмал түлшний дахин нэг үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийслэлийн захын дүүргүүдийн утааг бууруулж, төвийн дүүргүүдийн иргэдийн хангамжийг сайжруулан, зөв хэрэглээг дадуулах, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох гээд томоохон ажлуудыг хэрэгжүүлэх учиртай. Эртнээс бэлтгэлээ базааж, цар тахлын дэглэмийн хажуугаар Улаанбаатар хотод тулгамдсан бусад асуудлаа шийдвэрлэхэд төрийн нийт албан хаагчид онцгой анхаарч ажиллахыг дахин сануулъя” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.160.29) 2020 оны 07 сарын 06

ХОТЫН ӨНГӨ ТӨРХИЙГ ХӨДӨӨНИЙ СУУГУУЛУУД ТОДОРХОЙЛДОГ БОЛСОН ЦАГААС ХОТЫН ӨНГӨ ТӨРХ ОДООГИЙН ТӨРХӨНДӨӨ ОРСОН НЬ МАРГАШГҮЙ ҮНЭЭН .

0  |  0
Top