КОВИД-19 | Японд өвчлөл нэмэгдлээ

2020 оны 07 сарын 05

Коронавирусний халдварын нөхцөл байдал дэлхий дахинд ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.

Хойд хөрш ОХУ, Буриад, Тува улс, Чита мужид өвчлөл нэмэгдсэн хэвээр байна. Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 212 мянга гаруй шинэ тохиолдол нэмэгджээ. АНУ-д хоногт 57700 гаруй тохиолдол нэмэгдэж, 661 хүн нас барсан байна. Тус улсад 2.886.252 хүн халдвар авч, 131 мянга гаруй хүн энджээ. АНУ-ын 37 муж улсад халдвар нэмэгдэж байна. Флорида, Техас мужид хоногт хамгийн ихээр нэмэгджээ.

Бразилд хоногт 37900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1091 хүн нас баржээ. Тус улсад нийт 1.578.376 хүн халдвар авч, 64365 хүн эндсэн байна. Бразилд дэлгүүр, худалдааны төв, сүм хийд, боловсролын байгууллага зэрэгт заавал амны хаалт зүүх журмын амны хаалтны хэрэглээтэй холбоотой хэсэгт тус улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьжээ. Гэвч халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархсан хэвээр байна.

Номхон далайн баруун бүсэд Японд хоногт 276 шинэ тохиолдол илэрсний 131 нь Токиод бүртгэгджээ. Токиод сүүлийн гурван өдөр дараалан 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Австралид 113 шинэ тохиолдол илэрсний 108 нь Виктория мужид бүртгэгджээ.

Өмнөд Солонгост 61 шинэ тохиолдол илэрсний 43 нь дотоодын халдвар аж. Халдвар Сөүл, Тэжон хот, Кёнги аймагт тус тус бүртгэгджээ.

Хятадад хоногт найман шинэ тохиолдол бүртгэгдсэний зургаа нь гаднаас зөөвөрлөгдсөн халдвар бол хоёр нь Бээжин хотод бүртгэгджээ. Бээжинд зургаадугаар сарын 11-нээс хойш нийт 334 тохиолдол бүртгэгдсэн байна.

ДЭМБ-аас мэдээлснээр коронавирусний эсрэг туршигдаж байсан зарим эмийг нас баралтыг бууруулахад ямар ч нөлөөгүй учир туршилтаас хасжээ. Эмүүдийн судалгааны дүнг удахгүй шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх аж.

Түүнчлэн Японд халдвар идэвхэжсэн учир Токио хотын захирагч иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Японд коронавирусийг устгадаг хэт ягаан туяа цацраадаг робот зохион бүтээжээ. Уг роботыг эмнэлгийн орчныг ариутгах, цэвэрлэхэд хэрэглэх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top