"Монгол наадам" контентийг бүтээлцэх гэж бүтэн улсаараа хөл хорионд сууж, НОЁД 3.0 ТЭРБУМААР НААДНА

2020 оны 07 сарын 04

Дэлхийн хэмжээнд аюул тариад байгаа "Ковид-19" цар тахлын улмаас Монгол Улс энэ жил улсынхаа баяр наадмыг нийтэд хаалттайгаар тэмдэглэх болсон. Ингэхдээ 3.0 тэрбум төгрөгөөр "Монгол наадам"-ийг бүтээж, олон нийтэд мэдээллийн сувгуудаар шууд дамжуулан хүргэнэ гэж байгаа. Харин аймаг, сумдын наадам Улсын наадамтай зэрэг болж, иргэдэд нээлттэй буюу хорио цээрийн үед баримтлах дэглэм сахиад наадамлаж болох аж.

Гэвч иргэд хэт өндөр өртгөөр үзэгчгүй наадам хийх гэж байгаадд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Төлөөлөл болгож зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн шүүмжлэлийг хүргэе.


 

ХААНТАН ТҮМ БУМ НАСЛАГ, ХААНТНЫ НАЙРУУЛАГЧ ТҮМ БУМААС Ч ИЛҮҮ НАСЛАГ...

За долоохон хоноод ноёдын наадам болно. Нохой гурав харагдаж, ноёдыг гурав тонгортол магтаал үргэлжилнэ. Манай энхрий хайрт Ерөнхийлөгчийн 13 дугаар зуун цогцолборт болох энэ наадам 3,0 тэрбумын төсөвтэй. Наадмын найруулагчаар ЗГХЭГ-ын дарга, нялх тэрбумтан Оюукийн ах Баатар ажиллана.

Наадмаа 13 дугаар зуун цогцолборт хийж олон нийтэд онлайнаар цацахын тулд 576 сая төгрөгийг тохижилт үйлчилгээнд, 731 саяыг зохион байгуулалтанд зарцуулна. 991 сая төгрөгийг урлаг соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд, 336 саяыг бай шагналд, 278 саяыг хэв журам хангах, онцгой байдалд зориулна. Ингээд эрхэм титэмт вирус манай энхрий хайрт титэмт Ерөнхийлөгчид хувийнхаа жуулчны баазыг хагас тэрбумаар тохижуулах боломж бэлэглэв.

Онлайнаар цацаж олон нийтийн хүртээл болгохын тулд хотоос 96 км-т орших уг бааз руу шилэн кабел, цахилгаан татаж, бохир цэврийн асуудлыг цогцоор нь шийдэж байгаа гэсэн хардлага бий. Ингээд болоогүй ээ. Ноёд тэнд наадна. Өмссөн даавуу дээл, өргөн мөр, тасам бүс, татсан нум, тавьсан сумных нь цэц мэргэнийг ардууд магтах үүрэгтэй. Яагаав, манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав сайхан харагдаж байна, аргагүй төрийн гурван өндөрлөг, түмний зовлон мэддэг улс юм, даавуу дээлээр даруухан гоёжээ, малгай нь манийхтай адилхан юм... гэлцээд л ам уралдуулан магтдаг даа, түүнийгээ давтан хийнэ.

Ардуудын зарим нь Хүй долоогоор зочилж, хүүхдүүдийн зүүсэн амны хаалт салхинд хийсээд, арын морьд үргэж бусган, унасан эзнээ газар шидэхийг харж болно. Өө нээрээ, хаантныг сайхан харагдуулах ганцхан үүрэгтэй хааны найруулагч Баатарын дэглэж буй энэ наадамд хаад ноёд гол дүрд тоглож, бөхчүүд дагалдан дүрд дуудуулж, засуулууд туслах дүрд шовойж, аягачин шивэгчин, бай шагналын хэсгийнхэн, соёл урлагийнхан олны цэнгээнт хэсгийг оройлно. Цагдаа нарт баатрын хувцас хэрэгсэл тавьж олгоно, энд тэнд гай болж таарчихвал татаад уначихав даа, инээдээ мэдэж, элгээ хичээнэ шүү. Хажуухнаас нь харж, харьшгүй хүчит бөхчүүдийнхээ ааш аяг, айдас омгийг мэдэрч, дархан мэргэдийнхээ тавьсан сум исгэрэн дүүлэхийг сонсож, морьдын хөлс үнэрлэж, монгол эд эс нь байя гэвэл аягачин шивэгчний хувцас амжиж олж аваад, арын хаалгандаа найд даа. Ноёдод айраг цагаа барингаа номхон тэмээ шиг намхан сууна шүү. Эсвэл бууз хуушуураа зэхэж аваад, телевизээ үзэж, тавилттай бөх, тансаг дээл гоёл хачирхан ширтэж, сэтгэл хөөрлөө чөлөөлөхөд бэлдээрэй дээ.

Төрийн есөн хөлт цагаан тугийг 96 км газар шарга морьдоороо зөөх үү, шахааны пургонд ачих уу, одоохондоо шийдээгүй. Мандах нарнаар төрийн ордноос ёслол төгөлдөр гаргах уу, шөнөдөө сэгсчүүлж очоод, наадам болох газар налуулсхийгээд хонуулах уу, бас л шийдгүй. Яг дэлгэцэнд бол мэдээж шарга морьтой баатар эрс шанх сэгсэлзүүлэн залж таарна.

Өө, хамгийн гол хэсгийг мартах гэж байна. Ноёдын наадмын дараа бүгдээрээ "Хаан шалдан байна, манай хаан түм бум наслаг, хааны найруулагч мундаг байна, хаантны найруулагч түм бум байтугай наслаг" гэж хашгирах ёстойгоо мартав аа. Найруулагчийг нь мартаж байж нармайгаа нээлгэв ээ. Цаана нь найруулагчийн дүү Оюук энэ тэр гээд зөндөө хүн хаантанд "Ард түмэн таныг амаа олохгүй магтаж байна, аргагүй та минь төгс байлаа" гэж хэлж, хэлээрээ долоож, хөлөөрөө хөлслөх гээд бүлтийтэл хүлээж байгаа.

Эрхэм найруулагчид Төв Цэнгэлдэх томдоод, төөрч үхчих гээд иймдээ тулав уу, төсөв мөнгөний асуудлаа давхар бодов уу? Түүний мөрөөдлийн "Монгол наадам" контентийг бүтээлцэх гэж бүтэн улсаараа хөл хорионд сууж, бүрэн эрхтэй ноёд 3.0 тэрбумаар наадна гэхээр...жирийн л наадмаа дэглээд жир бус агшнуудыг нь түүгээд найруулчихаж чаддаггүй амьсгаа юм байгаа биз. Ингэхэд манай энхрий хайрт Ерөнхийлөгч төсөв хэлэлцэх болохоор л Засгийн газартаа барьцаа лавшруулж, шахаа хийж, дарамт үүсгэж, даруулга тавьж байгаад хүссэнээ авч, мөрөөдсөнөө батлуулдаг зантай. Түүний хувьд 2021 оны төсвөөс энэ 11 дүгээр сард амжиж шүүрэх, амлаж авах ганц боломж л одоо үлдэж дээ. За би нь яах вэ, хөдөөг зорьлоо, тэнд улсын наадмыг одоохондоо өмчилж өвөрлөөгүй, хувьчилж худалдаагүй...үндэсний соёлыг хамж халааслаагүй, хорьж хормойлоогүй гэнэлээ. Тэр ч яахав, та нар минь хаад ноёдын наадмын хажуугаар харцын хувцастай, навсайж салбайтал явж байж хөөгдөв өө. Золбин нохойд хүртэл торгон хөтөлгөө зүүхгүй бол зураганд оруулахгүй, наадмын гортиг алхуулахгүй гэсэн шүү!

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(70.93.178.224) 2020 оны 07 сарын 05

unen l bichsen bn Emujin shig iim setguulch negiig ch medehguim bn bugd hen negend uilchildeg Emujin bolgoomjtoi bgaarai da a zarim tomchuud bur busdig daramtaldag setguulchtei

0  |  0
Зоёин(66.181.161.119) 2020 оны 07 сарын 05

Болимоор юм.кк.Ардууд нь бороон дунд гутлаа норгож зам туулж байхад. Баатар гэж балагтай балай залуу...Бичлэг тараадаг эхнэр хүүхдээ орхисон хүн муутай нөхөр.Женкогийн суганы үс..Таалагдах гэж амиа тавьж байгаа бололтой.Бүх ард түмэн наадмаа болио гээд байхад заавал хийдэг нь ямар ч учиртай юм.

0  |  0
Zochin(86.9.197.184) 2020 оны 07 сарын 04

ZuvhunTom noyodod uilchilne. Tednees busad ni ourtood ch hereggui shuu. Harts ardaa.

0  |  0
Z(202.9.46.160) 2020 оны 07 сарын 05

Энэ жилийн онлайн наадам сонин содон өвөрмөц гоё дурсамж дүүрэн өнгөрөх нээ. Оролцогчдоос бусад ямар ч хүн очиж наадамлахгүй. Худлаа бүлтрэхгүй байхыг хүсэе

2  |  2
Зочин (202.9.40.163) 2020 оны 07 сарын 05

Яг үнэн. Ноёдыг харж баясаядаа. Заримдаа хошин шог үзсэнээс ч илүү хөгжилтэй байдаг шүү.

1  |  1
З(66.181.161.57) 2020 оны 07 сарын 05

Наадам больж үз новшнууд юмаа. Цадаж ханадаггүй

2  |  0
З(66.181.161.57) 2020 оны 07 сарын 05

Наадам больж үз новшнууд юмаа. Цадаж ханадаггүй

1  |  1
З(66.181.161.57) 2020 оны 07 сарын 05

Наадам больж үз новшнууд юмаа. Цадаж ханадаггүй

1  |  1
З(66.181.161.57) 2020 оны 07 сарын 04

Наадам больж үз новшнууд юмаа. Цадаж ханадаггүй

0  |  0
З(66.181.161.57) 2020 оны 07 сарын 04

Наадам больж үз новшнууд юмаа. Цадаж ханадаггүй

0  |  1
З(66.181.161.57) 2020 оны 07 сарын 05

Наадам больж үз новшнууд юмаа. Цадаж ханадаггүй

1  |  1
З(66.181.161.57) 2020 оны 07 сарын 05

Наадам больж үз новшнууд юмаа. Цадаж ханадаггүй

1  |  1
З(66.181.161.57) 2020 оны 07 сарын 05

Наадам больж үз новшнууд юмаа. Цадаж ханадаггүй

1  |  1
Зочин(98.234.112.193) 2020 оны 07 сарын 05

Ноёдын наадмыг энэ жил өнжих хэрэгтэй. Наадмаар далимдуулж бөөн мөнгө үргүй зарлагдаж идэж уух хорхой нь гозолзоод үхлээ шдээ.

1  |  1
Зочин(98.234.112.193) 2020 оны 07 сарын 05

Ноёдын наадмыг энэ жил өнжих хэрэгтэй. Наадмаар далимдуулж бөөн мөнгө үргүй зарлагдаж идэж уух хорхой нь гозолзоод үхлээ шдээ.

1  |  1
Zochin(109.89.151.254) 2020 оны 07 сарын 05

Ard tymnii duu xooloig sonsoxgyigeer shiidchix yum baina daa !!!

2  |  1
зочин(66.181.183.84) 2020 оны 07 сарын 05

Аялал жуулчлалын салбараас ганц ерөнхийлөгчийн компани л хандивлагч ААН-үүд болон төсвийн мөнгөөр баазаа тохижуулаад ашигтай ажиллах юм байна.

2  |  1
Иргэн (202.21.107.99) 2020 оны 07 сарын 04

Энэ Монгол түмний сонголт ккк...\n

0  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 07 сарын 04

Hairan mungu ,Uls min odoo hicheen urtei gesen bilee?ter ur shirendee 3 terbymaa uguucheee!y Swissuud mask zuuhgui bsanaa Zurikh- d bar restopan,disko barnudaa ajilluulj eheleed l neg udurt 137 hun haldbar abaad abtobus,niitin unaand,delguurt burt maskaa zuutsgee gej huuli gargalaa!!!manaihan haa saigui zadgairaad ehelsen bn gej bn shuu

0  |  1
Эрдэнэ(139.5.219.121) 2020 оны 07 сарын 05

улсаас татаас авдаг аймаг сумууд наадам хийж мөнгө үрдэгииг болиулах хэрэгтэй

3  |  0
Das (192.82.75.203) 2020 оны 07 сарын 04

Арай л юмаа

1  |  1
Zochin(202.9.46.30) 2020 оны 07 сарын 05

Iim zavaan muuxai yum bichij busdiig doromjlox xereggyi. Chi gantsaaraa uxaantan bish. Uxaan ixdvel tenegees dor gedeg bxaa.

1  |  2
Top