КОВИД-19: “Tesla” компани молекулын хувилагч машин бүтээнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

АНУ-ын “Tesla” компани КОВИД-19 эсрэг вакцин боловсруулж буй Германы “CureVac” компанид зориулж рибонуклеин хүчил /РНК/ үйлдвэрлэх бичил үйлдвэрүүд барьж байна гэж “Tesla” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск мэдээлжээ. Тэрбээр энэ талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

“CureVac” компани мРНК-вакцин үйлдвэрлэх хөдөлгөөнт платформ болох РНК хувилагч бүтээхээр ажиллаж байна гэж мэдээлж байсан билээ. Халдвар өвчинд бэлэн байдлыг хамгаалах салбарын инновацын эвсэл (CEPI) энэ төсөлд зориулж 34 сая ам.доллар гаргасан байна.

Өнгөрсөн сард тус компани өөрийн гаргаж авсан вакцины эмнэлзүйн туршилтыг Герман, Бельги улсад явуулах зөвшөөрөл авчээ. Туршилтад 18-60 насны 168 хүн оролцох юм. Судалгаа нь  энэхүү вакцины тохиромжтой тунг тодорхойлох, аюулгүй байдлыг нь үнэлэх, хүний дархлааны хариу үйлдлийг тогтоох зорилготой. Вакциныг 2020 оны эхээр боловсруулж эхэлсэн байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд 10 992 462 хүн коронавирусний халдвар авснаас 524 188 хүн нас барж, 6 152 472 өвчтөн эдгэрчээ. Нийт 4 315 802 идэвхтэй өвчтөнөөс 4 257 936 нь хөнгөн, 57 866 нь хүнд байна. АНУ-д 2 837 189 /нас барсан 131 485, эдгэрсэн 1 191 091/, Бразилд 1 501 353 /нас барсан 61 990, эдгэрсэн 916 147/, ОХУ-д 661 165 /нас барсан 9 683, эдгэрсэн 428 978/, Энэтхэгт 627 168 /нас барсан 18 225, эдгэрсэн 379 902/, Испанид 297 183 /нас барсан 28 368, эдгэрсэн 150376/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top