Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал ХОЁР ДАХЬ өдрөө үргэлжилнэ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарыг шүүх хурал өнөөдөр /2020.07.03/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.07.02/ 11:00 цаг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, 21:00 цагийн үед завсарласан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг өнөөдрийн 09:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон билээ. 

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Хэдийгээр түүний өмгөөлөгч хавтаст хэрэгтэйгээ танилцах хугацаа хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй төдийгүй шүүгчээс татгалзсан хүсэлтийг ч хүлээж авахаас татгалзсан юм. 

Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top