Д.Амарбаясгалан шинэ цагийн улстөрчдийг өнгөлж байна

2020 оны 07 сарын 02

Улс төрд залуу хүн байтугай өвгөчүүд нь хүртэл тавьтир алддаг зүйл бол албан тушаал. Жишээ нь, Шадар сайд болохын тулд сөрөг хүчнээсээ татгалзсан намын дарга хүртэл байлаа шүү дээ. Мөн гурван жилийн өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулган дээр “Ах нар сайдын суудал дуулчихаад хөл нь хөнгөрөөд гүйцэгдэхээ байлаа” гэж харамсаж байсан юмдаг. Албан тушаалын төлөө намаа сольсон, урваж шарвасан болгоныг тоолоод явбал сонины зай талбай хүрэхгүй. Эрх мэдэл гэдэг мөн чанараараа сайн, муу олон хүнийг өөртөө татаж байдаг юм. Гэхдээ энд өгүүлэх гэж байгаа хүний хувьд тэс өөр. Тэр бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Энэ зуны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН парламентад 62 суудал авч үнэмлэхүй ялалтаа давтав. Ийм ялалтын дараа албан тушаалын бялууны томыг намын дарга тэгээд генсек хүртдэг ёстой. Гэтэл мань эр өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ “Би намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран ажиллах бодолтой байна” гэжээ.

100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа намын генсек хүсвэл ямар ч албан тушаалд очиж болно. Өндөр албан тушаалд очиж удам судрынхаа нэрийг өргөж, нутаг орондоо харагдах сайхан л байх учиртай. Өнгөрсөн дөрвөн жилд тэрбээр М.Энхболдоос У.Хүрэлсүхэд шилжсэн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирлээ. Энэ хооронд хэчнээн ч олон удаа том суудлын боломж гарсан гэхэв. Гэтэл очоогүй. Түүнийг албан тушаалд дургүй гэвэл хэтрүүлэг болно. Харин өөрийн очиж болох байсан албан тушаалыг эв найрамдал, элдэв гагнаасаар солилцдог ур чадвар нь харагдаад байдаг. 

Өнгөрсөн хэдэн жилээс түүгээд харъя. 2016 оны МАН-ын ялалтын дараа томилогдсон НИТХ-ын дарга Ц.Сандуй 2017 онд, Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2018 онд ажлаа өгсөн. Тэр болгонд тэдний суудалд Д.Амарбаясгалан очно гэдэг таамаг гарч байлаа. Үнэндээ, нийслэлийн ИТХ-д ажилласан туршлага, Э.Бат-Үүл баатрыг хотын дарга байхад сөрж явсан түүх нь түүнээс өөр сонголтгүй харагдуулж байсан хэрэг. Гэвч тухайн үед улс төрд төдийлөн нэрд гараагүй арын эгнээнд явсан С.Амарсайханд эдгээр албан тушаалыг найр тавьсан. Өнөөх нь хотын даргын төлөөх санал хураалтад унаж, будилж байхад нь ч Д.Амарбаясгалан хуралд очиж төлөөлөгчдийг хямгадаж, АН-тай тохиролцон дийлүүлж байлаа. 

Мөн Д.Амарбаясгалан хүссэн бол У.Хүрэлсүхийн танхимд сайдын суудал байв. Тэгэхэд очоогүй нь ч яахав. Дараа нь Зам, тээвэр, БСШУС, ХХААХҮ-ийн сайдын суудал ээлж дараалан онгойх бүрд “Одоо л Д.Амарбаясгалан ороод ирнэ дээ” гэж хардаг. Бас л байдаггүй ээ. Одоо эргээд харахад, сайдын суудалд шунаагүй нь учиртай юм байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн гурван жилд нам дотор нь гарсан “33”, “32”-ын гэх талцлын дунд тун эмзэг тогтож байсан юм. Хожим огцруулах оролдлого гарахад үнэндээ “32”-ын талаас урвасан танхимынх нь “давхар дээл”-тэй сайдуудын зөрүү л аварсан. Хүчний харьцаа нэг, хоёроор яригдаж байсан тэр цагт “У.Хүрэлсүх огцрох юм байна” гэдэг жижигхэн итгэл төрсөн бол улстөрчид нөгөө талдаа хуйгаараа гарчих байлаа. 

Харин УИХ-д нэр дэвших нь баараггүй гэсэн бооцоо бол сая болж өнгөрсөн сонгуулийн өмнө үнэн мэт сонсогдож байв. Бүр түүнийг нэр дэвших байх гэж бодсондоо Говь-Алтайн тойрогт горилсон хүмүүс жилийн өмнөөс шүд зуун харж, нүд үзүүрлэж байлаа шүү дээ. Тэр өнцгөөр элдэв хар, шар мэдээгээр булаад өнгөрсөн нь энд тэнд сэг зэм шиг үлджээ. Бас л нөхдөдөө зайгаа тавьж, боломж олгоод хоцорсон. Гэтэл одоо дахиад сайдын боломж байхад “Намын ажил хийх хүсэлтэй” гээд явж байгаа юм даа. Энэ үйлдэл нь нэг ёсондоо МАН-ын томчууд бүгдээрээ төрийн ажилд хутгалдаж, нам төр холилдож байна гэдэг муухай имиж үүсэхээс сэргийллээ. Үгүй ядаж гадна талаас ирэх ийм дайралтад “гал хамгаалагч” болж орхисон. Бас төрийн ажлаас гадна 100 жилийн түүхтэй намын их ажлыг хаяж болохгүйг санууллаа. Алсын хараа, жудаг гэдэг ховор тохиох чанар. Ийм чадвартай болохоор нь ч намын нөхөд нь түүний үгэнд итгэмтгий, орох дуртай байдаг гэх юм билээ. Нам нь тэхий голоороо хуваагдсан өнгөрсөн хэдэн жилд түүн шиг генсек байгаагүй бол өнөөдөр МАН ялалттай сууж байх байсан уу гэдэг асуулт ч бий. У.Хүрэлсүх шиг шийдмэг фигурний нөгөө талд Д.Амарбаясгалан шиг хүн байж л гарах үр дүнг саяны сонгуулиар үзлээ. Хэрвээ энэ зураг жаахан л өөрөөр зурагдсан байсан бол магадгүй тарж бутраад, нэг нэгнээсээ хорслоо тайлаад томсгосон мажоритар сонгуулиар АН-тай, МАН-тай алаг эрээн УИХ бүрдэх байв. Тийм нөхцөлд улс орны хөгжил цаашид ухардаггүй юм гэхэд хөгжих талаар саналтгүй байсан болов уу. Хэний ч хүн гэж тодорхойлоход хэцүү энэ эрийг намын өмнөх, өнөөдрийн нөлөөтэй дарга нар нь дундаа жийрэглэж байж л хол зам туулж байгаа нь харин маргаангүй юм. 

Үүгээрээ Д.Амарбаясгалан хотын даргын тамгыг өөрт нь түр шилжихэд шөнөжин өрөө рүү нь тавилгаа зөөж явсан үеийнхээ залуугаас ялгарч байна. Өөрийнхөө эрх ашгаас илүү гарч харж чадаж байгаагаараа том дарга, том сайд нараасаа илүү “Том амьтан” гэдгээ нотолж байгаа юм. Орон даяар МАН-ын улаан сарнайтай туг намиран байхад өнөөдөр үүнийг сануулах нь зүй ёсны хэрэг билээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эохэм(202.9.46.167) 2020 оны 07 сарын 03

Цаг хугацаа түүнийг харуулж байна, зохион байгуулалт сайтай, сайн менежер , удирдагч болон төлөвшжээ.

0  |  0
Ганаа(66.181.161.120) 2020 оны 07 сарын 02

Өөрсдийгөө сайхан бичих юмаа

0  |  0
zochin(64.119.18.202) 2020 оны 07 сарын 02

Ooriigoi martan duuluulakh obchin tusjee Ugiin udam muutai huiten hun dee Estoi hogiin shaar shuu

0  |  0
Зочин(64.119.21.93) 2020 оны 07 сарын 02

Батболдыг ичмээр муухай зохион байгуулалттай гутгэсний ур дунд гарч ирсэн дээ Хотод унэндээ Батуулийн баг илуу ажилласан шуу

0  |  0
ӨӨГИЙ(103.80.210.18) 2020 оны 07 сарын 02

ЭНЭ ХҮНИЙГ МАГТАХ ХҮН БИШ БАЙНА ЛЭЭ.

0  |  0
ЭНГИЙН ИРГЭН НАМ БУС(103.80.210.18) 2020 оны 07 сарын 02

ЭНЭ ШАЛ ХУДЛАА НӨХӨР Ш ТЭ. ҮҮНИЙ ХАЖУУД ХАРИН ХОТЫН ХУУЧИН ДАРГА ЁСТОЙ ЗАНГАРАГТАЙ ХАРАГДДАГ. ЭНЭ АМАРБАЯСГАЛАНГ ХАРВААС, ҮЗВЭЭС , БАЙЖ БАЙЖ БАЙГАА НЬ АРАЙ Л БИШ ШҮҮ

0  |  0
amarhashte(125.94.203.175) 2020 оны 07 сарын 02

mongold ulstoroor durtai yumaa hiideg hun boloh enuuhen ajil. zugeer l uragshaa ih sain bain bain yavj naimaa hudaldaa hii, tendert orolts, humsal hulgail. ter zuur ter taliin yuman deer garshaad byar amtagdana. urd ulsiin mongoo tsugluulsan ch tendee orsoldoh chadvar maruuhan esvel beejingiin bulgemiin hurgen huuh, sadnii holbootoi eldev hujaa businesman oloh amarhan shu de. ted nartai l taniltschihna, ter ni tootsootoi, manai heded hediig ogood yaj ter am dollaraa ergeltened oruulah ve gedgee ali hediin tootschihson. mani hed ni ashga hurteed l, zam, barilga, gazriin hevliig tedend uhaj ogno

0  |  0
Zochin(66.181.161.102) 2020 оны 07 сарын 02

Uneniig l siiruulsen baina.Tuuniig hen bolohiig sayiin songuuliar bugd l harlaa sh dee.Surug namiin gensek tghd songuuliin umnu ajilaa ugj baih jisheetei.

1  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 07 сарын 02

Amarbayasgalan bol Naranhuugiin sharga azarga shig vaigaliasaa turchihdun udirdagch.

1  |  1
Naymbaatar(64.119.18.202) 2020 оны 07 сарын 02

Amarbayasglan bol estoi utgan uimuulegch shuu Odoo ooriigoo magtuulakh ajliig sain hiij bn daa Ene hunees MAN salakh tsag bolson shuu Urbagch hun dee

1  |  0
irgen(119.40.103.3) 2020 оны 07 сарын 02

zaaaz, yamar ih magtaal ve. ene hund tuuniig magtaj dolignoh nen ih shaardlaga uussen bololtoi, kkk. iim humuus l osoltoi shuu, amarbayasgalaan

1  |  0
Top