Анхдугаар чуулган 12:00 цагт хуралдана

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.06.30) зарлиг гаргаж, Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ

“Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарласугай” гэжээ.

Анхдугаар чуулган хуралдахын өмнө буюу 11:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн дүн мэдээг Ерөнхийлөгчид өргөн барих аж. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнтэй танилцсаны дараа анхдугаар чуулган хуралдах юм.  Анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн даргалдаг. Өнгөрсөн парламентад Ч.Улаан даргалж байсан бол энэ удаад Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан даргалах юм. Тэрбээр энэ жил 66 нас хүрч байгаа юм.  

Монгол Улсын Их хурлын тухай хуульд анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ гэж заажээ. Үүнд, 


14 ДҮГЭЭР ЗҮЙЛ. АНХДУГААР ЧУУЛГАН
 

14.1. Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.

14.2. Ерөнхийлөгч энэ хуулийн 14.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцсөн байна.

14.3. Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

14.3.1. Шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;

14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;

14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;


Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
 

 14.3.4. Ерөнхий сайдыг томилох;

 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;

 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.

 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх.


Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн


14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.


Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн.

Энэ хэсгийн нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top