ШИЙДВЭР: Бодлогын хүүг 9 хувьд ХЭВЭЭР үлдээлээ

2020 оны 06 сарын 26

Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг 9 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасныг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. 

Бодлогын хүү суурь хүүтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар банкуудын  нийт татсан эх үүсвэрийн дундаж хүү 10 хувьтай байна. Өмнө нь  12 хувьтай байсан. Эх үүсвэрийн хүү буурна гэдэг зээлийн хүү буурах дохио. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар бидний хүсэж байгаа хэмжээнд бол зээлийн хүү буураагүй байгааг тэр хэлж байна. 

Коронавируснээс шалтгаалан ОУВС, Дэлхийн банк гэсэн  олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмж бууруулсан.

Монголбанкны тухайд ч эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж тооцож буйг тэрбээр хэллээ. 

Монгол Улсын валютын нөөц 8-9 сарын импортын хэмжээг хангахуйц өндөр түвшинд байгаа гэлээ.  Төлбөрийн тэнцэл энэ оны төгсгөл гэхэд тэрбум орчим ам.долларын алдагдалтай байхаар байгааг хэлж байна. 

Эдийн засаг оны сүүлийн хагаст сэргэх хандлагатай байна гэсэн хүлээлттэй байгаа аж. 

Сануулахад, Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 11-ний өдөр бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргасан.

Дараа нь Мөнгөний бодлогын хороо дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүг дахин 1 нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэх,  эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top