Холимог тулааныг донсолгосон олимпын медальтнууд

2020 оны 06 сарын 26

Холимог тулааны хамгийн агуу эмэгтэй тамирчдын нэг Ронда Роузи жүдо бөхийн тамирчин байсныг бид мэднэ. Ронда 2008 оны Бээжингийн олимпод хүрэл медаль авч, Америк гүрэнд эмэгтэй жүдо бөхийн төрлийн анхны медалийг нь авч өгсөн түүхтэй. Гэхдээ тэр жүдогоор биш холимог тулааны ачаар дэлхийн хэмжээний од болсон билээ.

Ингээд олимпын наадмын аварга, медальтнуудаас хэн нь холимог тулаанд шилжиж, амжилтад хүрснийг эргэн санацгаая.

Хенри Сехудо (Бээжин-2008 алт, UFC холбооны аварга)

Жижигхэн ч бахь биетэй Сехудо АНУ-ын чөлөөт бөхийн олимпын шигшээ багийн шилдэг тамирчин байлаа. Тун залуугаасаа тодорч, 21 настайдаа 2008 оны олимпын аварга болсон юм. Харин 2012 оны Лондоны олимпын шигшээ багт багтаж чадаагүй тул чөлөөт бөхийг орхисон түүхтэй. 2013 оны эхээр тэр холимог тулаанд орж байгаагаа зарлалаа. Эхний зургаан тулаандаа дараалан ялсан Сехудо холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-тэй гэрээ байгуулав. 2016 онд анх аваргын бүсийн төлөө тулаан хийх эрх олсон ч домогт тамирчин Деметриус Жонсонд ялагдаж байв. Хэдэн жилийн дараа Жонсоноос аваргын бүсийг нь булаан авч, алдарт одыг Ази тивд “цөлж” чадсан Сехудо холбооныхоо хоёр жинд аварга цолтой. Тэр олимпын алтан медалиа аваргын хоёр бүстэйгээ нийлүүлээд өөрийгөө “Дэлхийн гурван удаагийн аварга” гэж өргөмжилдөг. Энэ жил 33 настай Сехудо өнгөрсөн тавдугаар сард UFC 249 тэмцээнд Доминик Крузыг ялаад зодог тайлснаа зарласан. Гэхдээ түүнийг эргэн ирнэ гэдэгт спорт сонирхочгид итгэсээр, хүлээсээр байгаа билээ.

Йоэль Ромеро (2000 оны олимпын мөнгө, UFC холбоо)

Их спортод урт удаан хугацаанд хэрхэн хүчин зүтгэхийн үлгэр дуурайлыг үзүүлж яваа тамирчин бол Йоэль Ромеро. Тэрбээр хорин жилийн өмнө 2000 онд олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж явсан бөх. ОХУ-ын Адам Сайтиевтэй учраагүй бол аварга ч болох байлаа. Ромеро чөлөөт бөхийн дэлхийн аварга, ДАШТ-ий хос мөнгө, хошой хүрэл медальтай  хүн. 2004 оны олимпод дөрөвдүгээр байр эзлээд Йоэль Куба орноо Германаар сольсон. Мөн чөлөөт бөхөө холимог тулаанаар сэлгэсэн юм. 2009 онд анхны тулаанаа хийж ялагдсан ч UFC холбоо түүнийг эргэлзэхгүй авсан. Үзүүштэй сайхан зодолддог, харизмтай, булчинлаг залуу тэр дороо л холимог тулаанд од болон хувирсан. Харамсалтай нь тэр 43 нас хүртлээ аваргын бүс эзэмшиж үзээгүй хэвээр байгаа. Одоогийн байдлаар тэр гурав дараалан ялагдсан. Гэхдээ дунд жинд чансаагаар 4-т бичигдсээр байгаа нь түүнийг харих болоогүйг харуулж байна.

Сара МакМанн (2004 оны олимпын мөнгө, UFC)

Чөлөөт бөхөөс ирэгчдийн жагсаалтыг АНУ-ын Сара үргэлжлүүлж байна. Тэр бол эмэгтэй чөлөөт бөхөөс олимпын медаль авсан анхны америк бөх. Афин-2004 наадамд мөнгөн медаль авсныхаа дараа Сара ДАШТ-ээс мөнгө, хос хүрэл медаль хүртсэн. Ингээд 2011 онд холимог тулаанд шилжсэн юм. Бөхийн мэх, арга барилаа ашиглан, тэр долоо дараалсан ялалттайгаар UFC холбооны аваргын бүсийн төлөө тулалдах боллоо. Өрсөлдөгч нь дээр дурдсан жүдоч Роузи. Энэ ялагдал бол Сарагийн хувьд анхны ялагдал нь байлаа. Тэр цагаас хойш Сара ялж, ялагдан явсаар 2018 онд жирэмсний амралтаа авч, хүүтэй болсон. Энэ жил нэгдүгээр сард тулаандаа эргэн ирж, ялалт байгуулсан. Одоо жиндээ чансаагаар есд бичигдэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард 40 насны ойгоо тэмдэглэх юм.

Сатоши Ишии (Бээжин-2008 алт)

Японы Сатоши Иший хар багаасаа л жүдо бөхөөр амжилттай хичээллэж, ирээдүйн аварга гэгдэж байлаа. 2008 оны Бээжингийн олимпод хүнд жинд түрүүлсэн Сатоши онгоцны буудал дээр тоссон сэтгүүлчдэд “Ард түмний хүчээр биш өөрийнхөө чадлаар олимпод түрүүлээд ирлээ” гэж мэдэгдэж, Япон орныг шоконд оруулж байв. Ингээд л тэр жүдо бөхөө орхиж, Японы жүдо бөхийн холбоо эгдүүцэн уурлаж байсан билээ. Олимпын хүнд жингийн аварга жүдоч, 21 настай залууг холимог тулаанд аварга болох нь ойлгомжтой гэж шинжээчид үзэж байлаа. Гэхдээ тэр 2009 онд анхны тулаандаа ялагдал хүлээсэн. Олимпын аварга цолтой тул холимог тулаанд эрэлт хэрэгцээ өндөр байсан ч Ишии мэргэжлийн тавцанд од болж чадаагүй. Rizin, Bellator, RCC, KSW, PFL зэрэг холбоодод хүч сорьж, Федор Емельяненко, Мирко "Крокоп", Куинтон Жексон нарын гарын амтыг үзэж явлаа. Одоо тэр Японы Heat хэмээх жижигхэн лигийн хүнд жингийн аварга. 2019 онд Хорватын иргэн болсон.

Марк Мадсен (2016 оны олимпын мөнгө, UFC)

Дани улсын тамирчин Мадсен зургаан настайгаасаа сонгомол бөхөөр хичээллэж эхэлсэн. 2008, 2012 оны олимпын наадамд оролцоод Марк нэг хэсэг холимог тулаанд хүч үзсэн. Гэвч сонгомол барилдаанаа хаяагүй. 2016 онд Риогийн олимпын наадамд их спортдоо эргэн ирсэн нь түүнд олимпын мөнгөн медаль авчирсан билээ. Марк ДАШТ-ий дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтай. 2018 онд холимог тулаанд шилжиж, удалгүй UFC холбоонд уригдсан. Мэргэжлийн рингэнд 10 тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулсан. 35 настай ахмад тамирчин ч UFC холбооны хөнгөн жингийн ирээдүйтэй тамирчинд тооцогдож байгаа.

Кайла Харрисон (2012,2016 оны олимпын аварга, PFL)

Зургаан настайдаа жүдо бөхтэй анх танилцсан Харрисон энэ спортоор олимпын хошой аварга болж, дэлхийд мөн хоёр түрүүлсэн алдартан. 2018 оны зургаадугаар сард холимог тулаанд шилжсэн. PFL холбоонд нийт долоо тулалдаж, долоо ялсан. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд хөнгөн жингийн аварга болж, нэг сая ам.долларын шагнал хүртсэн билээ. Кайла аварга болоод Сехудод хандан “Хенри гурван удаагийн аварга гэж өөрийгөө нэрлэсэн. Тэгвэл би олимпын хоёр, дэлхийн нэг алтан медалиа бүс дээрээ нэмээд дөрвөн удаагийн аварга боллоо. Сехудо ДАШТ-д түрүүлж байсныг би санахгүй байна” гэж мэдэгдэж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top