ЭМЯ: Өнөөдөр ОХУ-аас ирсэн 3 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.06.25/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 9.510 сая халдварын тохиолдол илэрч, 483 мянган хүн нас баржээ. Өчигдөр 162 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 4000 хүн эндлээ. Халдварын тоо 11 мянгаар нэмэгдсэн бол нас баралт 300-гаар бууржээ. Сүүлийн 24 цагт Бразилд 37 мянга, АНУ-д 36 мянга, Энэтхэгт 16 мянган тохиолдол илэрлээ. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 7176 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 48-138-аар нэмэгдлээ. Тувад 138 тохиолдол илэрсэн. Тувад эмнэлгийн хэрэгсэл дутагдаж, байдал хэцүү байгааг мэдээлсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа. 

Өчигдөр АНУ-аас ирсэн 262 хүнээс 1 хүнийг ХӨСҮТ, 2 хүнийг ЦТЭ-т тусгаарлажээ. Зоонозийн төвөөс өчигдөр АНУ-аас ирсэн онгоц, 12 автобусыг ариутгасан байна. Өнөөдөр ОХУ-аас 116 хүн ирсэн. Тэднээс сэжигтэй 3 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлалаа.

Манай улсад 2458 иргэн ажиглалтад байна.  338 хүн нэмэгдэж, 22 хүн хасагдсан. Үүн дотор 1-5 насны хүүхэд 128, жирэмсэн 53, архаг өвчтэй 338 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 93 хүн тусгаарлагдаж байгаа дотор хорт хавдар, архаг өвчтэй 16 хүн байгаа. Зургаан хүний биеийн байдал хүнд байна.

Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 6000 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан байна.

119 дугаарт 114 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 2 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Top