Ассошейтэд Пресс: Монголчууд эдийн засгийн бэрхшээл дунд сонгуулиа зохион байгуулж байна

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24


АНУ-ын мэдээллийн "Ассошейтэд Пресс" агентлаг Монгол Улсад өрнөж буй УИХ-ын сонгуулийг онцлон нийтлэл бичжээ. Уг нийтлэлд коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн олон хүндрэл дунд өрнөж буй сонгууль гэдгийг онцлоод ирэх жилүүдэд чухам ямар бодлого баримтлах нь энэ удаагийн сонгуулиас ихээхэн хамаарна гэдгийг онцолсон байна. Уг нийтлэлийг уншигт танд бүрэн эхээр нь хүргэе.


Монголчууд энэ лхагва гарагт УИХ-ын ээлжит сонгуулиа зохион байгуулна. Дөнгөж 30 жилийн өмнө ардчилсан засаглалтай энэ улс авторитар дэглэмтэй ОХУ, БНХАУ-ын тэхий дунд нь хавчуургатай талх лугаа оршдог. Хүн ам бага энэ улс хөрш улсуудаасаа нээлттэй засаглалаар замнаад удаагүй байна.

Монгол бол коронавируст цар тахлын үед сонгуулиа зохион байгуулсан Өмнөд Солонгосын дараах хоёр дахь улс. Цар тахлын улмаас хилээ хааж, өндөржүүлсэн бэлэн байдалд аж төрж буй. Тус улсад ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойш найм дахь удаагаа сонгууль зохион байгуулж байгаа нь энэ.

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө болсон УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол ардын нам үнэмлэхүй ялалт байгуулан 65 суудал авсан юм. Парламент нь 76 суудалтай гэж тооцвол энэ ялалт итгэл төгс ялалт байлаа. Сонгох процедурыг нь аваад үзвэл нэг тойрогт дунджаар 2-3 мандаттай байгаа. Өөрөөр хэлбэл тухайн тойрогт харьяалагддаг иргэд хоёроос, гурван хүнийг сонгоно гэсэн үг. Энэ удаагийн сонгуульд 29 тойрогт 670 нэр дэвшигч өрсөлдөж байгаа.

Тус улсын хүн амын дийлэнх нь оршин суудаг Улаанбаатар хотын нэг тойрогт дунджаар 28 нэр дэвшигч өрсөлдөж буй. Эдийн засгийн гол төв гэдэг утгаараа Улаанбаатар хотод хоёр гаруй сая хүн оршин суудаг аж.

Монгол бол коронавируст цар тахлын үед сонгуулиа зохион байгуулсан Өмнөд Солонгосын дараах хоёр дахь улс.

Төрийн байгууллагуудын нэг том шүдний өвчин нь гэр хорооллыг төвлөрсөн дулаан болон цэвэр, бохир усны сүлжээнд хамруулах явдал. Монгол Улсын нийт хүн амын 30-аас дээш хувь нь нэн ядуу ангилалд хамаардаг гэх судалгаа бий. Орлогын тэгш бус хуваарилалт, нийгмийн шударга ёсны доройтол нь эрх баригчдыг, томоохон улс төрийн хүчнүүдийг буруутгах нэг хүчин зүйл болдог. Ард иргэд нь ч олон жил энэ асуудлыг ярьсаар ирсэн. Улс төрийн хүчнүүд нь ядуурлыг бууруулж, улсаа мандуулна гэх уриатайгаар сонгуульд оролцсоор иржээ.

Далайд гарцгүй улсын хувьд эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай, олборлох үйлдвэр. Асар их баялгаа хөрсөн доороо нуусан ч дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ савламагц нөлөөлөл нь дэндүү хүнд туссаар өдийтэй золгожээ. Монгол хэрэгжиж буй хамгийн том зэсийн төсөлд хөрөнгө оруулж буй Рио Тинтотой Засгийн газар нь маргаантай байгаа. Гаднын хөрөнгө оруулалтаар амь залгуулдаг энэ улс хөрөнгө оруулалтаа зогсоочихгүй, улам нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Гэсэн ч Рио Тинто үүсгэсэн маргаан хөрөнгө оруулагчдад “эсрэг” мэдээлэл юм.

Тус улсын гадаад өр нийтдээ 23 тэрбум ам.доллароор хэмжигдэнэ. Эдийн засгийнх нь чадамжаас даруй хоёр дахин илүү өртэй байгаа нь тус улсын хувьд хамгийн том сорилт юм.

Улс төрийн хүчнүүдийн өрсөлдөөнд одоо анхаарлаа хандуулцгаая. Монгол ардын нам болон Ардчилсан намын хувьд улс төрийн гол өрсөлдөөн өрнө. Иргэний зориг ногоон нам, МАХН-ын эвсэл, Зөв хүн – Электорат эвсэл ч энэ сонгуульд тод яригдаж буй. Энэ жилийн сонгуулийг харвал шинэ залуу нэр дэвшигч олон байгаа нь өмнөх сонгуулиудаас ялгагдах нэг зүйл юм.

Гэхдээ нэг зүйлийг дурдахгүй байхын аргагүй. Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орчихсон. Түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй байгаа, ажлын байрны хүрэлцээ муу зэрэг нь хоёр улс төрийн хүчний хэрүүлээс илүү шийдэх ёстой асуудал юм.

“Монголын ард түмэн өмнөх дөрвөн жилийн засаглалд дүн тавина. Тийм ч утгаараа шинэ залуу нэр дэвшигчид олон байгаа юм. Ихэнх нэр дэвшигчид урт хугацааны хөгжлийн чиг хандлагын тухай нэн даруй бодох ёстой” гэж Канадын Бритиш Колумбийн их сургуулийн Монгол судлалын мэргэжилтэн Жулиан Дьеркес ярьжээ.

Гэвч хоёр том намын эсрэг шинэ залуу анх удаагаа дэвшиж буй нэр дэвшигч ялалт байгуулна гэдэг тийм ч амар байхгүй нь тодорхой. Зарим талаараа Монгол Улс тулгандаа ноцоосон ардчиллын галаа бүр мөсөн унтраах эсэх нь энэ сонгуулиас хамаарна. Монгол Улсын улс төрийн нөхцөл байдлыг хараад үзэхэд сонгуульд дэвшсэн нэр дэвшигчид сонгуулийн дараа огт улс төрд оролцдоггүй. Үзэл бодлоо хэлдэггүй, улс төрийн идэвхгүй байдал нь олон жилийн хөгжлийн чөдөр тушаа ч байж мэдэх юм. Хэрэв тухайн нэр дэвшигч сонгуульд ялагдсан ч гэсэн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, үзэл бодлоо хэлсээр байвал хөгжлийн бодлого боловсруулахад үр нөлөөгөө өгөх учиртай.

Жендерийн тэгш байдлыг хангах тухайтад сонгуулийн журмаараа нам, эвсэл нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувьд эмэгтэйчүүд эзэлнэ гэж заасан байдаг. Улс төрийн санхүүжилт өндөртэй нам эвслүүд нийтэд танигдах нь харьцангуй амар ч анх удаа дэвшигчид сошиал медиа ашиглан энэ удаагийн сонгуульд оролцож байна.

Монголын улс төрд үе солигдох үйл явц өрнөж байна. Үүнийг энэ удаагийн сонгууль гэрчилнэ. Олон нийт ч үүнийг хэдийнээ мэдрээд эхэлж. Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа Засгийн газрын дээшлүүлэх үүднээс Засгийн газарт парламентын дөрвөн гишүүн л багтана гэж тусгасан байгаа. Засаглалын хямрал үүсэхээс сэргийлсэн энэ өөрчлөлт олон судлаачдад таалагдаж байгаа нь лавтай.

Монгол Улс коронавирусний халдвараа дотооддоо алдахгүй барьж чадаж байгаа нь эрх баригч улс төрийн хүчин сонгуульд эерэгээр сурталчлах нэг үндэс болсон. Гэхдээ нэг зүйлийг дурдахгүй байхын аргагүй. Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орчихсон. Түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй байгаа, ажлын байрны хүрэлцээ муу зэрэг нь хоёр улс төрийн хүчний хэрүүлээс илүү шийдэх ёстой асуудал юм.

Эх сурвалж: Associated Press

Top