Хужирт суманд шинэ цэвэрлэх байгууламж барина

2020 оны 06 сарын 19

Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих гэрээнд өчигдөр /2020.06.18/ Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Санжат” ХХК-ийн захирал Ж.Төмөрхуяг нар гарын үсэг зурлаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хужирт суманд баригдах цэвэрлэх байгууламжийн нийт өртөг нь 3.2 тэрбум төгрөг бөгөөд үүний 2.9 тэрбумыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэх юм байна.

Дээрх төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшлэх ач холбогдолтой.

Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн, Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3388 төслийн зохицуулагч Б.Оюун нар байлцлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top