Далай лам цар тахлын үеэр юу хийж буй тухайгаа ярьжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

Нойр болон өдөр тутмын бясалгал гэж Дээрхийн гэгээн XIV Далай лам коронавирусний цар тахлын улмаас албан хүчээр олгогдсон “амралтаа” хэрхэн өнгөрүүлж буй тухай Пико Айер зохиолчтой хийсэн уулзалтын үеэр ярьжээ.

Цар тахал дэгдсэний дараа Далай ламд хүмүүстэй уулзахгүй байхыг зөвлөсөн бөгөөд “амралтаараа” өдөрт есөн цаг унтаж, дөрвөн цаг бясалгал хийж байгаа аж. Дээрхийн гэгээнтний хэлснээр, тэрбээр өглөө 3.30 цагт сэрдэг байна. Өглөөний 03.00 цагийн үед зүүдэлдэг бөгөөд зүүдэнд нь бурхан, сахиус ирж, адисалдаг гэж ярьжээ. Сайн нойр, мөргөлөөс гадна сэтгэл хөдлөлөө шинжлэх хэрэгтэй гэж Далай лам зөвлөжээ. Сэтгэл хөдлөл нь бидний ухамсрын амар амгалан байдлыг алдагдуулж, улмаар бие махбод чилээрхэхэд хүргэдэг гэнэ. Уур хилэн, атаа хорсол, хардалт нь “би” гэсэн итгэл дээр үндэслэсэн сэтгэл хөдлөлийн хэлбэрүүд. Гэвч “би” гэх зүйл дангаар оршдоггүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө хянахын тулд эдгээрийн учир шалтгааныг гүнзгий шинжлэх учиртай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ухамсар, туршлагын тусламжтай эерэг сэтгэл хөдлөлөө хүчирхэгжүүлж, сөрөг сэтгэл хөдлөлөө дарах чадвартай болно гэж Дээрхийн гэгээн зөвлөсөн байна.

Түүний хэлснээр, шашнаас үүдэлтэй сөргөлдөөн байж болшгүй зүйл. Учир нь бүх шашны сургаал, номлол бусдыг энэрэн хайрлах, тэвчээртэй байх, бусдыг уучлахыг сургадаг. “Гайхалтай жишээ бол Энэтхэг. Энэ улсад янз бүрийн шашин энх тайвнаар зэрэгцэн оршиж байна” гэж XIV Далай лам онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top