Э.Авирмэд: Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

ШУА-ийн  Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газар зүйн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Э.Авирмэдтэй ярилцлаа. 


 

 -Та бүхэн Монгол орны нам цэгийг шинэчлэн тогтоосон гэлээ. Анх Монгол орны нам цэгийг хэзээ, яаж тогтоож байсан  юм бол?

-Монгол орны хамгийн нам цэгийн талаар газар зүйн оргил бүтээлүүд 1952 онд хэвлэгдэж байсан. Э.М.Мурзаевын “БНМАУ” номонд хамгийн нам дор цэгийг Хөх нуурын түвшин 532 метр гэж бичсэн бол академич Ш.Цэгмидийн 1969 онд хэвлүүлсэн “Монгол орны физик газар зүй” номонд 552 метр гэж бичсэн байдаг. Сүүлд 1980 онд СНЗ-ийн 149 дүгээр тогтоолоор хамгийн нам цэг нь Дорнод аймгийн Хөх нуурын түвшин 560 метр гэж баталгаажуулсан байдаг юм. Хөх нуурын түвшинд Х.Санзай, М.Саандар, Б.Өлзий нар есөн жил хэмжилт хийж Б.Рагчаа удирдан өндрийг нь тогтоосон байдаг.  Тэд Хөх нуурын түвшин Улзын гол үерлэх үед Тээлийн голын усны түвшин нэмэгдсэнээс Хөх нуурын түвшин байнга өөрчлөгдөж байсан учраас  дунджаар 560 метр гэж авсан гэдэг.

-Одоо нам цэгийг дахин тогтоох болсон шалтгаан юу юм бэ?

-Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоож баталгаажуулах ажлыг өнгөрсөн оны тавдугаар сарын 9-20-ны хооронд хийж гүйцэтгэсэн.Монгол орны хамгийн нам цэгийг 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай GNSS багажны иж бүрдэл /цаашид CORS гэх/ хоёр долгионы TRMBLE R8 model 4 GNSS-ийн иж бүрдэл хүлээн авагчийг ашиглан статик хэмжилт хийж Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд орших  Гравиметрийн цэг болох ГР077 цэгээс үндэслэн RTK горимоор хяналтын хэмжилт хийж тогтоосон. Бидний тодорхойлсон энэ нам цэг Говь-Алтай аймгийн Алтай сумын Номингийн говийн Элс хотгор юм. Далайн түвшнээс дээш 526.745 метрийн өндөртэй цэг.Хойд талаараа Элс сайрын ар улаан толгой /661метр/, зүүн талаараа Хурц уул /725.5 метр/, Өмнөд талаараа Номингийн говийн хойд хар хушууны Элс өндрийн хүрэн толгой /762 метр/, баруун талаараа Хятад улсын хил, Номингийн говьтой залгасан Элс сайрын урд салааны сайрын өмнө хэсэгт орших цэг 526.745 метрийн өндөртэй цэг юм. Энэ цэг нь Номингийн говийн баруун талын төгсгөлийн хэсэгт орших хойноосоо урагшаа 8.5 км, зүүнээсээ баруун тийш 11.3 км урт үргэлжилсэн, орчны гадаргуугийн өндрөөс доош 150 метр орчим нам хотост оршиж байна. БНХАУ-ын хилээс 300, Хилийн тоот баганаас 560 метр зайд оршино.  Байгалийн бүс бүслүүрийн хувьд цөлийн бүсийн хэт гандуу цөлийн бүсэд оршино.  Энэ цэг нь одоогийн Монгол орны хамгийн нам цэгээс даруй 34 метрээр нам байгаа юм.

-Энэ тоо батлагдчихсан уу. Энэ хэмжилтийг хэрхэн баталгаажуулдаг  вэ?

-Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ний өдрийн эрдмийн зөвлөлийн хурлаар “Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон” ажлын багийн тайланг хэлэлцээд  Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон судалгааны арга зүй, үр дүнг зөв зүйтэй гэж үзсэн. Улмаар Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт дээрх асуудлыг оруулж танилцуулсан. Энэ дагуу  Барилга, хот байгуулалтын яам өөрийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоол гаргуулахаар болсон байгаа.

-Өндөр нам цэгийг ингэж тогтоосноор шинжлэх ухааны ямар ач холбогдолтой юм бэ?

-Монгол орны хамгийн өндөр, нам цэг баруун бүсэд тогтоогдож байгаа юм. Энэ нь аймаг, орон нутаг, Говийн их Дархан цаазат газрын сурталчилгаанд чухал хувь нэмэр оруулах бөгөөд аялал жуулчлалын болон орон нутгийн танилцуулгад шинээр орох юм. Ийм сонин содон газар нутаг нь дэлхийн аль ч улс оронд тухайн газрын сурталчилгааны брэнд болж байдаг.  Жишээ нь дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош 420 метрт орших Сөнөсөн тэнгисийн эрэгт “Та далайн төвшнөөс дээш 420 метрийн өндөр цэг дээр байна” гэсэн сурталчилгааны самбар бий.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.126.30) 2020 оны 06 сарын 17

Жишээ нь дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош 420 метрт орших Сөнөсөн тэнгисийн эрэгт “Та далайн төвшнөөс дээш 420 метрийн өндөр цэг дээр байна” гэсэн сурталчилгааны самбар бий. ЭНИЙГЭЭ ЗАСААРАЙ. НЭГ БОЛ ДЭЭШ, ЭСБОЛ ДООШ ГЭЖ 2 ЯНЗАААР БИЧЭЭД БАЙХ ЮМ?

0  |  0
Top