Токио хотын даргын сонгуульд нэр дэвшигч ОЛИМПЫГ ЦУЦАЛНА гэв

2020 оны 06 сарын 15

Японы жүжигчин Таро Ямамото 2013 ноос эхлэн улс төрд ороод байгаа. Шинэ Reiwa Shinsengumi намын тэргүүн Ямамото ирэх сарын 5-нд болох Токио хотын даргын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа.

Түүний сонгуулийн хөтөлбөрийн гол заалт нь Токиогийн олимпыг бүр мөсөн цуцлах юм. Токиогийн олимпын наадам нэг жилээр хойшлогдож, 2021 оны долоодугаар сард эхлэх болоод байгаа. Харин Таро Ямамото вакцин гараагүй, халдвар хэзээ арилах нь тодорхой бус энэ цагт олимпын наадмыг шууд цуцлах нь дээр гэж үзэж байгаа юм.
 

Тэрбээр өнөөдөр Токиод хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Сонгуульд ялах юм бол би хамгийн түрүүнд Токиогийн олимпыг цуцална. Эртхэн цуцлаад хөрөнгө мөнгийг өөр хэрэгцээтэй салбарт оруулах болно. Токиогийн иргэн бүрд 100 мянган иэнийг цар тахлын үеийн тусламж болгон өгнө. Токио хот Японы Засгийн газраас өөр өнгө төрхтэй бодлого явуулна” гэж мэдэгдлээ.

Токио хотын одоогийн дарга Юрико Коикэ мөн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top