АНУ-ын хамгийн ӨНДӨР ЦАЛИНТАЙ гүйцэтгэх захирлаар эмэгтэй хүн тодорчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

АНУ-ын 2019 оны хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлаар анх удаа эмэгтэй хүн тодорчээ. Процессор үйлдвэрлэгч “AMD” компанийн гүйцэтгэх захирал Лиза Су өнгөрсөн онд 58.6 сая ам.долларын цалинтай ажиллажээ. “Associated Press” агентлаг, компанийн менежментийн программ хангамжийн нийлүүлэгч “Equilar” компанитай хамтран 2011 оноос хойш гаргаж буй жагсаалтыг анх удаа эмэгтэй хүн тэргүүллээ гэж “Forbes” мэдээлжээ. Нийт 329 топ менежерүүдийн дунд 20 эмэгтэй  бичигдсэнээс зөвхөн Лиза Су эхний аравт багтсан байна.

Хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын дундаж цалин 12.3 сая ам.доллар байсан нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 4.1 хувиар өсжээ. Эмэгтэй топ менежерүүдийн дундаж цалин 13.9 сая ам.доллар байсан бол эрчүүдийнх 12.3 сая ам.доллар байжээ.

Салбараар нь авч үзвэл, харилцаа холбооны үйлчилгээний салбарын топ менежерүүдийн дундаж цалин хамгийн өндөр буюу 27.8 сая ам.доллар байсан аж. Нью Йорк хотод гүйцэтгэх захирлуудын дундаж цалин нь хамгийн өндөр байсан бол энэ жагсаалтад Калифорни мужаас хамгийн олон тооны буюу 39 топ менежер оржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top