Гоонь эрчүүд: Амьдрал баян шүү дээ, гуниглах завгүй бай

2020 оны 06 сарын 15

“Гоонь эрчүүдийн хуушуур” гэх жижигхэн хоолны газар нээгдээд удаагүй боловч хөл гишгэх зайгүй дүүрэн хүнтэй бөгөөд гадаа нь ч дугаарлаж, үйлчлүүлэгч ихтэй байлаа. Дотоодын цэргийн 805-р ангийн дэргэд байрлах уг цайны газар нээгдээд дөрөвхөн хонож буй. Цайвар ногоон өнгийн хаяг бүхий цайны газрын дотор хана нь  ч сэтгэл сэргэм цайвар ногоон өнгөтэй. Заланд байрлуулсан тав зургаахан ширээнээ цэрэг цагдаагийн голдуу дүрэмт хувцастай  үйлчлүүлэгч ихтэй байгаа нь байршлаасаа болсон болов уу гэмээр. Гэвч үүдэнд дугаарлах хүмүүс хаа холоос гоонь эрчүүдийн хуушуурыг амтлахаар иржээ. Амтат хуушуурын үнэр арааны шүлс асгам үнэртэж үр хүүхдээ дагуулсан гэр бүлүүд, найз нөхдөөрөө зорин ирсэн тэдгээр хүмүүс өөрсдийнхөө ээлжийг тэсэн ядан хүлээнэ.

Тогоочийн хэсэг рүү өнгийвөл цагаан хормогч, тогоочийн малгайтай гурван залуу нэг нь гурилаа элдэж, нэг нь чимхэж, нэг нь хайраад түмэн завгүй байлаа. Тэдний нэрийг Ц.Маргад-Эрдэнэ, М.Бямбацэрэн, В.Даваасайхан гэдэг. Анх 20-иодхон хоногийн өмнө ахлах нь гэх Ц.Маргад-Эрдэнэ “Гоонь эрчүүдийн хуушуур” хийх санаагаа бодож олж үеэлүүддээ хэлээд сэтгэл, зүтгэл нэгдсэн нь санаанд оромгүй амжилтыг дагуулжээ.

Тэд "Амьжиргаа цагаан" гэх дээрээ бүхээгтэй тэрэг найман сая төгрөгөөр худалдан авч, эхэндээ “Яргайт” зуслангийн зам дагуу хуушуур хийж байгаад захиалгаар очиж газар дээр нь хуушуур хийдэг болжээ. Сүүлдээ Дотоодын цэргийн 805 дугаар ангийн дэргэд байрлах цайны газрыг сарын 800 мянган төгрөгөөр түрээслэн, дөрвөн сая төгрөгөөр засвар хийж, үйл ажиллагаагаа эхэлсэн нь энэ.

Маргад-Эрдэнэ, Даваасайхан нар нь ганц бие аав бол Бямбацэрэн нь Маргад-Эрдэнийн хүргэн ах билээ. Бямбацэрэнгийн эхнэр тэдний нарийн чимхлүүр ажлыг нь зохицуулж, үйлчүүлэгчдийн захиалгыг нь авах, зөөгч хийх ажилд нь тусалж байгаа аж. Аргагүй дээ, дан эрчүүд аахар шаахар ажилд анхаарал хандуулах завгүй шүү дээ. Ямартаа л “Бид гурвыг хүмүүс гурвууланг нь гоонь эрчүүд гээд ойлгочихсон юм шиг байна лээ. Би ч хоёр дүүгийнхээ далбаан дор борлогдчих гээд хэцүү л байна шүү” гээд Бямбацэрэн инээж байх вэ.  Маргад-Эрдэнэ нь ганц хүүхэдтэй, ганц бие аав. “Нийгэмд эрчүүдийн сэтгэл гундуу байгаа нь ажиглагдсан. Тиймээс тэдэнд боломж бий гэдгийг ойлгуулж, итгэл найдвар төрүүлэх гэж энэ ажлыг эхлүүлсэн. Би олон жил Турк, Солонгос, Хятад, Орос зэрэг орноор ажил хийж, амьдарч явсан. Гаднын орнуудад хоолны үйлчилгээгээ хөгжилтэй, хүнд хүртээмжтэй байдлаар хүргэхдээ гарамгай. Энэ аргыг эх орондоо нэвтрүүлж, нийгэм нь баргар, хүмүүс нь бухимдалтай байгаа энэ үед нэг ч гэсэн инээд, наргиа бэлэглэж, хөгжилтэй, хөнгөн байх үүднээс “Гоонь эрчүүдийн хуушуур” гэж нэрийдсэн. Түрээсэлж байгаа газар маань тусгай зөвшөөрөлтэй хэдий ч эрүүл мэндийн байдлыг би маш их анхаарч ажилладаг. Өглөө бүр нөгөөдүүлийнхээ хуруу хумс, захны хир тоосыг шалгаж оруулдаг. Үйлчилгээний хүн маш цэвэрч байх ёстой. Хуушуурынхаа орцонд орж байгаа бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагад шинжлүүлэхээр өгсөн. Амьдрал баялаг шүү дээ. Гуньж гутрах цаг бидэнд алга. Нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрнө. Энэ л амьдарч буй цаг үедээ эзэн болъё, эрчүүд ээ. Хамгийн гол нь хөдөлмөрч байгаарай. Хүн ажил хийхээсээ ичих хэрэггүй, харин ядуу байхаасаа л ичих хэрэгтэй” гэсэн юм.

Даваасайхан нь хоёр ч хүүхэдтэй, ганц бие аав. Томоохон ресторануудаар тогооч хийж явсан тэрбээр хуушуурынхаа гол амталгааг хариуцдаг бол Бямбацэрэн нь техник ажиллагаа, гурил, махны хэмжээг мэддэг хүн нь. Анхандаа тэд өдөрт арван килограмм махаар эхэлсэн бол өдөр өдрөөр таван килограммаар нэмэгдсээр одоо 40 килограмм  махаар хуушуураа хийдэг болов. Сүүлийн өдөр гэхэд 350-400 үйлчлүүлэгчид ирж, 700 гаруй хуушуур хийсэн аж. Гоонь эрчүүдийн хуушуур 1000 төгрөгийн үнэтэй. Хачирт нь байцааны салат өгдөг. Хорь гаруй хоногийн хугацаанд зам дагуу үйлчилгээгээ явуулж эхлэхдээ ээжийнхээ ээмэг бөгжийг хүртэл ломбардаж санхүүгээ босгож байжээ. Улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлж төвхнөөд авсан нь нэг том амжилт. Үйлчлүүлэгч нэмэгдэх тусам гурван хүн арай ажлаа дийлэхгүй болж хоёр ч залуу шинээр нэмж авч ажиллуулжээ. Тэдгээр залуус хүргэлтийн үйлчилгээг дугуй болон мопетоор хийж байна. Ажлынх нь хөлсийг  өдөрт нь өгчихдөг болохоор тэд ч урамтай, ажилдаа дуртай ханддаг. Бүхээгтэй "Амьжиргаа цагаан" машинаа найман сая төгрөгөөр авахдаа ээжийнхээ тэтгэврийн зээлээр хоёр саяыг,  Бямбацэрэн гэр бүлээсээ хоёр саяыг, Маргад-Эрдэнэ бага дүүгээсээ хоёр саяыг, өр ширээ цуглуулж байгаад хоёр саяыг тус тус бүрдүүлж авч байжээ. Аливаа зүйлийг болгож бүтээнэ гэвэл болохгүй зүйл үгүй. “Үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бид дөрвөн сая төгрөгийн зээл авсан. Түүнийгээ л хурдан төлчихвөл болох нь тэр, бид мөнгө олох гэж улайрахгүй. Ажилтай, хөдөлмөртэй байхад амьдрал сайхан шүү дээ” гээд ажилдаа шуурхайлан орсон тэднээр мянга мянган эрчүүд бахархаж, тэдний ажлыг дэмжиж байгаа нь эрчүүд голдуу дүүрэн үйлчлүүлэгчтэй байгаагаас ч бэлхнээ харагдаж байв.

Бямбацэрэн нь дөрвөн хүүтэй бөгөөд түүний эхнэр зан ааш сайтай, яриа хөөрөөтэй бүсгүй байв. “Гурван өдрийн орлогоороо эхний ээлжид засвар хийж, хиншүү сорогч шинээр тавьсан. Манай хүн өмнө нь барилгын ажил хийж байсан ч ядарч унатал ажиллуулчихаад цалингаа бүтэн өгдөггүй байсан. Тиймээс энэ гуравтаа тусалж, эгчирхэж сууна даа.Хааяа тэд намайг явуулаад та нуугд л даа. Таныг харчихаар юун эмэгтэй вэ, гоонь эрчүүд гээ биз дээ гэж хүмүүс дургүйлхэнэ шүү дээ гэдэг. Би чинь дөрвийн дөрвөн хүү төрүүлчихсэн, “дөжирчихсөн”  болохоор тэдний үгийг тоохгүй ээ гээд инээмсэглэсэн юм. Түүний хань Бямбацэрэн “Хуушуур гэдэг хүртээмжтэй, орц найрлага, ажиллагаа нь хялбар, хурдан шуурхай бөгөөд монголчуудын идэх дуртай хоолны нэг болохоор дан хуушуур хийж байгаа гэв. Үнэндээ бид өөр хоол хийж амжихгүй, захиалгаа дийлэхгүй байна. Манайх өдөр бүр тосоо сольж шинэ тосоор хуушуураа хайрдгаараа давуу талтай” гэлээ. Тэдний хуушуур мах нь дүүрэн, халиартай, хачин гоё амттай. Аливаа ажилд сэтгэл, зүтгэлээ зориулсан болохоор тийм амттай байдаг санж.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дүү(66.181.161.42) 2020 оны 06 сарын 15

Амжилт хүсье ахдаа

1  |  0
Зочин(202.9.40.59) 2020 оны 06 сарын 15

Муухан авгайтай байснаас хааяа нэг боломжийн эмэгтэйтэй найзалж хүслээ хангачихаад явж байсан нь хамаагүй дээрээ. Ийм хүн өөрийгээ гоонь моонь гэж доош хийгээд яах вэ

0  |  0
Зочин(202.179.27.133) 2020 оны 06 сарын 15

Залуус сайн байна. Шударга хөдөлмөрт чинь баяр хүргэе

0  |  0
Su ah(202.179.27.31) 2020 оны 06 сарын 15

Тоймч Ш.Гантулгыг хуурамч Ш.Гантулгаас салгаж саналаа дугуйлаарай сонгогчид минь ээ.

0  |  0
Top