ГОВЬ-АЛТАЙ: Алтай, Бугат сумдад хөөрч, буух зурвас байгууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 13

Орон нутгийн агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг, 2019 оны 283 дугаар тогтоолоор “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байна.

Мөн “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, аймаг, орон нутаг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 20 орчим хөөрч, буух зурвас байгуулаад байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга нартай 2020 оны 1 дүгээр сард байгуулсан зам, тээврийн салбарт хамтран ажиллах “Хамтын ажиллагааны гэрээ”-нд ерөнхий зориулалтын нисэхийн зурвас байгуулах газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, зурвас байгуулах санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэхээр тогтсоны дагуу энэ онд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөр Алтай сум, Бугат сумын Тахийн талд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас байгууллаа.

Уг зурвасыг “Эркари интернэшнл” компани ажлын даалгаврын дагуу төлөвлөгөөт хугацаанд нь байгуулж, 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас томилогдсон Ажлын хэсэгт хүлээлгэн өгөв. Бугат сум нь 2200 гаруй хүн амтай, аймгийн төвөөс 210 километрт, Алтай сум нь 2100 орчим хүн амтай, аймгийн төвөөс 360 километрт оршдог бөгөөд өндөр уул, даваа бартаа ихтэй, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төвтэй холбогдоход хүндрэл үүсдэг. Тус сумдад ийнхүү хөөрч, буух зурвас байгуулснаар иргэд агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

Цаашид 21 аймгийн 116 байршилд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн зурвас байгуулах бөгөөд эхний ээлжинд Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Хэнтий аймгийн Галшар, Биндэр, Дадал зэрэг сумдад хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна.

Монгол Улсад Ерөнхий агаарын тээврийг хөгжүүлснээр алслагдсан сум сууринд гамшгаас хамгаалах, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top