КИМ ЖОН УН юунаас болж Өмнөд Солонгостой харилцаагаа таслав?

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

-Цэрэггүй бүсэд Хойд Солонгосын зүгээс гал нээсэн-

БНАСАУ өчигдөр Өмнөд Солонгостой харилцаа холбооны бүх шугамаа хааж байгаагаа мэдэгдлээ. Пеньян Сөүлтэй хэлэлцээрийн ширээний ард хэлэлцэх юу ч байхгүй гэсэн байна. Энэ талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас мэдээлжээ. Хойд Солонгост энэ сарын 8-нд БНСУ-тай харилцаа тогтоох хэлтсийн ажлыг хянах хуралдаан болсон байна. Хуралдаанд оролцогчид эхний ээлжинд Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа холбооны бүх шугамыг бүрэн зогсоох шийдвэр гаргажээ. Тэрчлэн мэдэгдэлд Пеньян Сөүлтэй харилцаа холбоогоо энэ сарын 9-ний өдрийн 12:00 цагаас зогсооно гэжээ. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг хилийн бүс дэх цэрэггүй бүсэд Хойд Солонгосын зүгээс гал нээсэн гэж мэдээлж байсан юм.

Юунаас болов

Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгос ухуулах хуудас илгээсний хариуд тус улстай харилцаа холбооны бүх шугамаа мягмар гарагаас эхлэн хааж байгаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээнд өгүүлжээ. Энэ нь Өмнөд Солонгостой холбогдох бүх арга хэрэгслийг бүрэн устгах, бусад шаардлагагүй үйлдлүүдийг зогсоох шийдвэрийн зөвхөн эхлэл нь аж. Тус агентлагийн мэдээлснээр хоёр улсын хоорондох телефон утасны бүх шугамыг мягмар гарагийн 12:00 цагаас эхлэн хаажээ.

Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чол, тус намын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон нар оролцсон зөвлөгөөнөөр “Өмнөд Солонгостой хамтран хийж буй ажил дайсны эсрэг тэмцэл болж хувирах ёстой” гэжээ. Түүнчлэн урвагч, хууран мэхлэгчдээр гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөөсийг төлүүлэхийн тулд дайснуудын эсрэг хэрэгжүүлэх үе шаттай үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээнд өгүүлжээ.

Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын зүгээс ухуулах хуудаснууд илгээсний хариуд Кэсон дахь Солонгос хоорондын харилцаа холбооны газрыг хаах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаараа энэ сарын 5-нд мэдээлж байсан юм. Хариуд нь БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам орон нутгийн олон нийтийн байгууллагуудад хандан БНАСАУ-ын эсрэг ухуулах хуудас тараахаа зогсоохыг уриалж, уг үйлдлийг нь хуулийн дагуу хориглохоо амлажээ. Гэвч БНАСАУ-ын зүгээс “Өмнөд Солонгосын эрх баригчидтай ярих зүйл байхгүй. Пеньян Сөүлтэй харилцах бүх шугамыг тасалж байна” гэв.

Өмнөдөөс харилцаагаа таслах эхний алхам

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлэлд “Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр улсын харилцааг эцсийн зогсоолд хүргэсэн. Цаг хугацааны туршид зөвхөн урам хугалдаг Өмнөд Солонгосын эрх баригчидтай хэлэлцээний ширээний ард ярилцах зүйл үгүй болсон гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэж өгүүлжээ. Хоёр улсыг холбох утасны холбоог хааж байгаа нь харилцаа холбоогоо таслах арга хэмжээний эхний алхам ажээ.

Хаасан утасны шугамуудад Солонгосын хөдөлмөрийн намын Төв хороо, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордныг холбосон шууд утас ч орсон байна. Хоёр улсын харилцаа холбоо нь 2018 оны есдүгээр сард БНАСАУ-ын хил орчмын Кэсон бүсэд байгуулсан Солонгос хоорондын харилцаа холбооны газраар дамждаг юм. Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон “Өмнөдтэй харилцах харилцаа үндсээрээ дайсантай хийх тэмцэл болж хувирах ёстой” гэжээ.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам болон Үндэстний нэгдлийн яам энэ сарын 8-нд БНАСАУ-ын талтай холбогдох гээд чадаагүй байна. БНАСАУ хоёр Солонгосын хоорондын харилцаа холбооны газрын Өмнөд Солонгосын талын утасны дуудлагад хариу өгсөнгүй гэж Сөүл мэдэгдээд “Ийм явдал анх удаа тохиолдож байна” гэжээ. Үүссэн асуудлын талаар мэдээлэл солилцож, шийдвэрлэхийг эрмэлздэг хоёр Солонгосын хоорондын харилцаа холбооны шугам өнгөрсөн баасан гарагт хэвийн ажиллаж байсан аж. Энэхүү Харилцаа холбооны газар нь 2018 онд байгуулагдсан билээ. Хоёр улс өдөр тутам утсаар шууд холбогдож, мэдээлэл солилцдог байв.

Жагсаал

Хойд Солонгосын нийслэл Пеньян хотод энэ сарын 6-нд “Хойд Солонгосоос урвагч, хүний сүгүүдийг тасчиж хаяцгаая” гэх үгтэй самбар барьцгаасан залуус жагсаал хийжээ. Өмнөд Солонгос дахь БНАСАУ-ын дүрвэгчдийн тараасан Ким Жон Уны дэглэмийг буруутгасан агуулгатай ухуулах хуудсыг эсэргүүцсэн жагсагчид амны хаалттай байсан бөгөөд жагсаалд Хойд Солонгосын залуусын холбооны гишүүд болон удирдлагууд мөн оролцсон байна. Ким Жон Уны дүү Ким Ё Жон тухайн үед Өмнөд Солонгост хандан дүрвэгчдийн ухуулах хуудаснуудыг хоёр улсын хилийн зэвсэггүй бүсийн нутгуудад тарааж буй үйлдлийг зогсоохыг шаардсан юм. Ким Ё Жон “Хойд Солонгос сүүлийн үед гарын үсэг зурсан цэргийн хэлэлцээрүүдээ цуцална” гэж анхааруулж байв.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.38) 2020 оны 06 сарын 10

Хэ хэ хоёр солонгосын аль нь ху жаа юм бол доо манайхаар бол өвөр монголоо ху жа талдаа л гэдэг адилхан үндэстэн байж ингэж балай хуваагдах гэж ядаж байхад залуу удирдагч нь эрхлээд туниад байдаг юм уу

0  |  0
Иргэн(66.181.161.75) 2020 оны 06 сарын 10

Хэдий үлсын тэргүүн ноён нуруу ингэж хаврын тэнгэр шиг байна гэдэг байж болшгүй хуульчлагдсан зүйл.ёр нь залуудаж байгаа хэрэг ба үё залгсан дарангуйлал нэгэн цагт унах цондон унахдаа чанга унана гэж ойлгож болно. кв

0  |  0
зочин(192.82.71.165) 2020 оны 06 сарын 10

ТЭРТЭЭ ТЭРГҮЙ COVID19 ТАХАЛ ГЭЭД БҮХ УЛС ОРОН ХИЛЭЭ ХААЖ ХАРИЛЦАА СААРЧ БАЙГААГ ХОЙД СОЛОНГОСЫН ПАЦАН ГАДАРЛАЖ БАЙГАА !!! СҮРИЙГ ҮЗҮҮЛЖ АМЬДАА МЭДЭГДЭЖ БАЙНА

1  |  0
Su ah (202.179.27.31) 2020 оны 06 сарын 10

Хэзээ ч эвлэрч нэгдэхгүй юм шиг байна.\nХайран ард түмэн.

1  |  0
Top