Улаанбаатар хотын нэг км2 газар нутагт 317 хүн ногдож байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалжээ.  Судалгаагаар агаарын болон орчны бохирдлыг бууруулахтай холбоотой төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр агаарын бохирдлын байдал, агаар, орчны бохирдлоос шалтгаалсан өвчлөл, нас баралтын байдалд ямар хандлага, өөрчлөлт гарсныг судалсан аж.

Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүссэн механик өсөлт юм. Сүүлийн 30 жилд Улаанбаатар хотын хүн ам хурдацтай өсөж, улсын нийт хүн амын 46.1 хувь буюу 1.5 сая хүн амьдарч байна.

Улаанбаатар хотын хүн амын өсөлт нь шилжих хөдөлгөөнөөс шууд хамааралтай юм. Улаанбаатар хотын нэг км2 газар нутагт 1989 онд 117 хүн ногдож байсан бол 2019 онд 317 хүн ногдож, даруй 2.5 дахин нэмэгджээ. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна.

Улаанбаатар хотод Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр 302.2 мянган өрхийн 60 хувь буюу 181.4 мянга нь, 2015 онд 376.4 мянган өрхийн 57.2 хувь буюу 215.3 мянга нь галлагаат халаалттай байжээ.

Энэ үзүүлэлт нь 2019 оны байдлаар 215 мянган өрх буюу нийт өрхийн 52.2 хувийг эзэлж, өмнөх оноос 1.6 пунктээр буурсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол хэрэгжсэнээс хойш Улаанбаатар хотын агаар дахь 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны хамгийн их агууламж 2019 оны  арванхоёрдугаар сард 0.20 мг/м3 болж, өмнөх оны мөн үеэс 0.18 мг/м3 (47.2%)-ээр буурчээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны үр дүнд үндэслэсэн тооцооллоор 2019 оны байдлаар нэг өрх жилд дунджаар 3.5 тонн нүүрс хэрэглэж байгаа нь 2010 оноос 0.7 тонноор буурсан байна.

 Нийслэлийн өрхийн нүүрсний хэрэглээ 2011 онд 734.3 мянган тонн буюу хамгийн их түвшинд байсан бөгөөд 2014 он хүртэл буурч, 2015 оноос өсөх хандлагатай болжээ. Нийслэлийн хэмжээнд 2019 онд 750.3 мянган тонн нүүрсийг өрхийн хэрэглээнд зарцуулсан нь өмнөх оноос 22.5 мянган тонноор нэмэгджээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.193) 2020 оны 06 сарын 06

МАНАН г дэмжиж байгаа хүмүүсийг харахаар дандаа тархины тураалтай оюун ухааны хомсдолтой новшнууд байх юмаа. \nМАНАН г сонгогдсон ч устгана сонгогдоогүй ч устгана.

0  |  0
Top