Тайландад гацсан иргэд Онцгой комисст ШААРДЛАГА хүргүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04


Тайланд улсад гацсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр (2020.06.04) ОБЕГ-ын гадаа жагсаал хийлээ.

Жагсаалд оролцож буй иргэд "Тайландад гацсан 160 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан. Иргэдийн ихэнх нь богино хугацаагаар буюу эмчилгээ хийлгэх, тэмцээн уралдаанд оролцох, сургалтад хамрагдах зорилгоор Тайландад очсон хүмүүс тул зөвхөн Тайланд төдийгүй Зүүн Азийн орнуудад гацсан иргэдийг татаж, Бангкок руу шууд нислэг хийж өгөхийг хүсэж байна" гэж байр сууриа илэрхийллээ. Зүүн өмнөд Азийн орнуудаас ирэх иргэдийг Сөүл, Токиогоор дамжуулан авна гэж төлөвлөж байгаа ч Япон, Өмнөд Солонгосоос 500 орчим иргэнийг татсаны дараа нислэг хийгдэхээр байгаа тул цаг хугацаа удаан байна гэж Тайландад гацсан 150 орчим иргэдийн ар гэрийнхэн мэдэгдсэн ба тэдний зүгээс Монгол Улсын Онцгой комисс, Улсын Онцгой комиссын шуурхай штабт хандан ШААРДЛАГА хүргүүлсэн юм. Шаардлагыг танилцуулъя. 


МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ-Т ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
 

Тайландын Вант улсад гацсан Монгол Улсын 150 гаруй иргэд тусгай үүргийн онгоц хүлээсээр хамгийн багадаа 2 сараас 4 сар гаруй хугацааг өнгөрөөж байна. Энэ хугацаанд тус улсад түр гацсан иргэд өөрсдийн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийг хүлээж, мөн үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, мөн тус улсын хууль дүрэм, хорио цээрийн хязгаарлалтыг чандлан сахиж, бид тэвчээртэйгээр өдөр бүр өөрсдийгөө тусгаарлан түр оршин сууж байна. Бид хорио цээрийн дэглэмтэй энэ үед суулт хийж, бичиг барин, төр засгаа шүүмжлэн эсэргүүцэн зогсож нийгэмд сөрөг уур амьсгал үүсгэлгүй Монгол улсын онцгой комисс, Комиссийн шуурхай штабын шийдвэрт итгэж, найдан хүлээж өдийг хүрлээ.

Гэвч одоо хүртэл биднийг татан авах талаар ямарч шийдвэр гарахгүйгээр үл барам 5-р сарын сүүлээр СӨҮЛ, ТОКИО, Зүүн өмнөд ази гэсэн чиглэлийн талаар яригдаж байна гэсэн мэдээлэлийг цацаж байсан боловч УОК-с гаргасан чартер нислэгийн 6-р сарын хуваарь дээр Зүүн өмнөд азийн нислэг багтсангүй. Тайланд улсын Бангкок хотод тусгай үүрэгт нислэг хийх бүрэн боломжтойгоос гадна тус улс иргэнээ авч байгаа улсын тусгай үүрэгт нислэгт нээлттэй гэдгийг зарласан боловч УОК-с ямар ч нислэгийг зохион байгуулсангүй.

Тийм учраас тус улсаас иргэдээ татан авах доорхи үндэслэлүүд байна. Үүнд,
 

  • Зүүн өмнөд азиас тэр дундаа Тайланд улсаас хүсэлт гаргаж байгаа иргэд нь энэ бүс нутагт урт хугацаанд бус богино хугацаанд тодорхой ажиллаж амьдарахаас бусад зорилгоор ирж гацсан иргэд байгаа бөгөөд зөвхөн дамжин өнгөрч байгаад гацсан хүмүүс ч их байна. Өөрөөр хэлбэл эдгээр иргэд нь ажиллаж /бусад улс шиг ажил хийж мөнгө олох ямар ч боломжгүй/, амь зуух ямар ч боломжгүй, орон байргүй зөвхөн түрээсийн байраар, хэсэг бүлгээрээ нийлэн орлогогүй зөвхөн зарлага гарган өдөр хоногийг өөрсдийгөө тусгаарлан өнгөрүүлж,санхүүгийн хүнд нөхцөлд орж байна.
     
  • Тус улсад өвчлөл бүрэн хяналтад байгаа бөгөөд сүүлийн 2 сар маш хурдацтай буурч 3100 орчин тохиолдол бүртгэгдсэнээс 50 гаруй халдвартай иргэн одоогоор идэвхитэй байна. 5-р сарын 1-ний байдлаар нийт тохиолдолын тоо 2960 байсан бол 6-р сарын 1-нд 3082 тохиолдол болж нийт 122-р нэмэгдсэн буюу өдөрт дундажаар 3.9 тохиолдол бүртгэгдэж байгаа нь эрсдэл буурч байгааг баталж байгаа юм. Гэхдээ нөгөө талаас энэхүү мөчийг дайруулан иргэдээ авах нь хамгийн эрсдэл бага мөч бөгөөд тус улс хөл хориог багасгаж байгаа нь эргээд эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй юм. УОК-с авч хэрэгжүүлж байгаа арга нь эрсдэл өндөртэй нутгаас иргэдээ маш удаанаар авч мөн эрсдэлтэй байдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм. Харин эрсдэл бага нутгаас иргэдийг хурдтай авах нь бас нэг арга зам бөгөөд Монгол улсад ч тэр гадаад улсад байгаа Монголчуудад ч эрсдэл бага байна.
     
  • Бангкок хот нь нислэг хийх хамгийн боломжтой чиглэл бөгөөд МИАТ-н өвлийн хуваарьт тогтмол нислэгтэй байсан. Энэ нь агаарын замгүй гэх, нислэгийн аюулгүй байдлаа тусгаж бодсон ч хамгийн боломжит нислэг юм.
     
  • Тайланд улсад үнэхээр хүнд өвчтэй, хөгшин настан, нялх нярай хүүхэдтэй, мөнгө муутай хүмүүс нь аргаа баран үлдэж одоо бидний 150 гаруй Монголчууд хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хэцүүдэж байна. Энд Бумрунград эмнэлэгт үзүүлэхээр ирсэн бие муутай, цус харваж хүндэрсэн хөгшин настай хүмүүс, мөн оюутнууд, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс ч зөндөө байна. Тэр байтугай 70 гарсан хөгшин ухаан санаа нь орж гаран эмнэлэгт 40 гаруй хонож байна. Хүний нутагт суусаар мөнгө төгрөг ч барагдаж амьдрахад өдөр бүр улам хэцүү болж байна.


Дээр дурьдсан үндэслэлээр УОК-т доорхи шаардлага хүргүүлж байна. Үүнд,
 

  • Үндсэн хуулийн 16 дахь зүйл 18 дахь хэсэгт заасан эрхийг минь хэрэгжүүлж тусгай үүргийн нислэгийг 6-р сарын аль нэг хуваарьт оруулж, Бангкок-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэх.
     
  • Нислэгийн нэрсийг эрт зарлаж, гацаж санхүүгийн хүндрэлд орж мөнгөгүй болсон иргэдэд нислэг,тусгаарлах байрны төлбөрөө олох боломжийг олгох.
     
  • Шаардлагын хариуг 2020.06.12-нд багтаан бичгээр гаргаж өгөх.
     
  • Гацсан иргэд хэсэг бүлгээрээ хамтран амьдраад 2-4 сар болж байгаа учир тусгаарлах байрны хүрэлцээг бодолцож цуг байлгаж болох бөгөөд энэ нь нөөцийг зохистой ашиглах нөхцлийг бүрдүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top