КОВИД-19 | Коронавирус өөрчлөгдөж хувьсаагүй

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдлын тоогоороо АНУ, Бразил, ОХУ, Их Британи, Испани улс тэргүүлсээр байна. АНУ-д хоногт 1045 нас баралт нэмж бүртгэгдэн нийт нас баралт 108596 болжээ. Тус улсад халдварын батлагдсан тохиолдол нийт 1.888.652 болсон байна.

Бразилд хоногт 28600 гаруй шинэ тохиолдол илэрч, нийт 584.562 хүн коронавирусний халдвараар өвчилж, 32568 хүн нас бараад байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд эмчлүүлж эдгэрсэн хүний тоо 15 мянга гаруйгаар нэмэгдсэн ч 312.800 гаруй хүн идэвхтэй халдвартай байна гэж Бразилын ЭМЯ-наас мэдээлжээ.

ОХУ-д нийт халдварын тоо 432.277, нас баралт 5215 болжээ. Нийслэл Москва хот орчмоор болон Монгол Улстай хиллэдэг Буриад, Тува улс, Чита, Эрхүү мужид халдварын тархалт өндөр хэвээр байна.

Энэтхэгт хоногт 9000 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт 207.615 хүн өвчилж, нас баралт 5815 болжээ.

Японд 52 шинэ тохиолдол, зургаан нас баралт бүртгэгдсэн бөгөөд шинэ тохиолдлуудын 51 нь дотоодын халдвар байсан аж.

Өмнөд Солонгост 39 тохиолдол нэмж бүртгэгдсэний 33 нь дотоодын халдвар бол Инчон болон Кёнги аймагт халдвар өсжээ. Сөүлийн шөнийн клуб болон сүм, цахим түгээлтийн үйлчилгээний компаниас эхтэй халдвар нэмэгдсэн учир Өмнөд Солонгост хуримын үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэгийг хааж, оршуулгын үйл ажиллагаанд цөөхөн хүн оролцуулахаар болсон байна.

Тэгвэл Хятадад шинж тэмдэггүй дөрвөн тохиолдол илэрчээ.

Коронавирус генийн хувьд өөрчлөгдөж хувьсаж байгаа гэдэг нь батлагдаагүйг судлаачид хэлжээ. Вирус мутацид орсон талаарх судалгаа нотлогдоогүй нь вакцин гаргаж авахад нөлөөтэй сайн мэдээ гэдгийг ДЭМБ мэдээлж байна.

Top