Орон сууц авсан болон оюутны төлбөрийн буцаан олголтыг ШИЛЖҮҮЛЖ эхэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Анх удаа орон сууц худалдан авсан болон оюутны төлбөрийн буцаан олголтыг тавдугаар сарын дунд үеэс эхлэн олгоно гэж Татварын ерөнхий газраас өмнө нь мэдээлж байсан. Ингэхдээ хоёр хувааж олгоно гэж байв.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн эхний ээлжийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ. 2020 оны нэгдүгээр сард материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн буцаан олголт эхний ээлжинд олгогдож буй аж.

Тодотгоход, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  дагуу анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг.

Тэгвэл уг хуулийн дагуу 2019 онд орон сууц худалдан авсан 13 588 иргэн нийт 12.8 тэрбум төгрөгийн буцаан олголт авна.

Сургалтын төлбөр төлсөн 8 922 иргэн нийт 2.4 тэрбум төгрөг авна гэж Татварын ерөнхий газраас мэдэгдсэн юм.

Сануулахад, Татварын хуулийн шинэчлэлтээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн зургаа  сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авахаар болсон. Энэ нь 2021 онд олгогдох буцаан олголт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top