Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс КОВИД-19 тусах эрсдэл өндөр

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

 

Коронавирусний халдвар авсан хоёр мянга орчим өвчтөний генийн мэдээллийг судалсны үндсэн дээр эрдэмтэд хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй болохыг тогтоожээ.

Шинжлэх ухааны цахим medRxiv номын сангийн мэдээлснээр, эрдэмтэд цусны бүлэг халдвар авах магадлалд нөлөөлдөг болохыг нотлох баримт илрүүлж байсан бөгөөд судалгаагаар энэ нь батлагдсан байна. Судалгаанаас үзвэл хоёрдугаар буюу А бүлгийн цустай хүмүүсийн халдвар авах магадлал 20 хувиар өндөр бол нэгдүгээр бүлэг буюу О бүлгийн цустай хүмүүсийнх эсрэгээр 30 хувиар бага байна. Германы Килийн их сургуулийн профессор Андре Франкегээр удирдуулсан эмч, молекул биологичдын баг халдвар авсан хүмүүсийн генийн хамгийн өргөн хүрээний судалгаа хийсэн байна. Судалгаагаар халдвар авах магадлал, өвчний хүндрэлд хоёр төрлийн мутац нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Нэг мутац нь гуравдугаар хромосомд илэрсэн бол нөгөө нь есдүгээр хромосомд илэрчээ. Эхнийх нь хүнд хэлбэрээр өвчлөх магадлалыг 1.77 дахин нэмэгдүүлдэг бол хоёр дахь 1.32 дахин нэмэгдүүлдэг байна. Нэг нь SLC6A20 генд байрладаг бол хоёр дахь хүний цусны бүлгийг тодорхойлдог генийн хэсэгт байдаг аж. Есдүгээр хромосомд үүссэн мутац нь хоёрдугаар бүлгийн цустай хүмүүст байдаг бөгөөд энэ  цусны бүлэгнэлтэд нөлөөлдөг болохыг тогтоожээ. SLC6A20 ген нь коронавирусний хүний эсэд нэвтрэхэд ашигладаг АСЕ2 рецептортой шууд холбоотой аж. Энэ нь мөн хүмүүсийн дархлааны тогтолцоо коронавирусний халдварт янз бүрийн хариу үйлдэл үзүүлж буйг давхар тайлбарлаж байна гэж эрдэмтэд дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top