ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Өнөөдөр 2020.06.04. Энэ оны 155 дахь өдөр бөгөөд он дуусахад 210 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа. 20 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатар хотод хүчтэй аадар бороотой. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 6 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Түрэмгийллийн золиос болсон гэмгүй хүүхдүүдийн олон улсын өдөр. Мөн Тяньаньмэний талбайд 1989 онд болсон эсэргүүцлийн жагсаалыг дурсах өдөр юм.

Унгарт өнөөдөр Үндэстний эв нэгдлийн өдөр бол Эстонид Төрийн далбааны, Молдавт Банкны ажилтнуудын, Финландад Батлан хамгаалах хүчний өдөр тохиож байна.

Өнөөдөр Италийн дуурийн дуучин Чечилиа Бартоли, Английн жүжигчин Рассел Брэнд, Америкийн жүжигчин Анжелина Жоли, Оросын улстөрч Алексей Навальный, Америкийн уран гулгагч, Олимпын аварга Эван Лайсачек, Германы хөл бөмбөгч Лукас Подольски, Бутаны хатан хаан Жецун Пема Вангчук зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1917 оны энэ өдөр Нью-Йорк дахь Колумбын их сургуульд анх удаагаа Пулитцерын шагнал гардуулжээ.

1970 оны энэ өдөр Тонга тусгаар улс болов.

1975 оны энэ өдөр Их Британийн парламентын хурлыг анх удаагаа шууд эфирээр дамжуулжээ.

1989 оны энэ өдөр Бээжинд Тяньаньмэний талбайд болсон оюутнуудын жагсаалыг дарсан байна.

2000 оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Москва дахь Америкийн Элчин сайдын яамны шинэ корпусыг албан ёсоор нээжээ.

2004 оны энэ өдөр Америкийн санхүүч Жорж Сорос терроризмтой хийсэн тэмцэл нь АНУ-ыг хохирогчоос гэмт хэрэгтэнд хүргэсэн гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ “Есдүгээр сарын 11-нд болсон террорист ажиллагаанаас илүү олон гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрсэн” гэсэн байна.

2010 оны энэ өдөр “Фэлкон-9” пуужин тээвэрлэгчийг анх удаагаа хөөргөжээ.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр хууль цааз гаргах, хулгай дээрмийг номхотгох, мал адгуус номхруулах, хараал жатгыг буцаах, өглөг өгөх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин бомбын үйл, бэрийн үйлд таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top