Нэр дэвшигчийн биед халдвал ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

"Сонгогчдын боловсролд" цуврал үргэлжилж байна.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдрөөс /2020.06.02/ албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн парламентын сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн 13 нам, дөрвөн эвслээс нийт 485 нэр дэвшигч, бие дааж 121 хүн нэр дэвшиж байгаа юм.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчдийн биед халдах явдал гардаг.

Нэр дэвшигчийн биед халдсан тухайн иргэн ямар гэмтэл, хохирол учруулсан гэдгээсээ хамаарч Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуульд зааснаар хариуцлагаа хүлээнэ.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.3-т "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.  Харин Эрүүгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар 2.8 жилийн ялаар хорих шийтгэл оноодог. 

Зөрчлийн тухай хуулийн тавдугаар бүлэг 5.3 дугаар зүйл: Хүний биед халдах 

5.3. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Эрүүгийн тухай хуулийн 11.1 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

2.2. Хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;

2.3. Бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;

2.4. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;

2.5. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Top